Ардчилсан намынхан эсэргүүцлийн суулт хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-23 11:58:11

ВАШИНГТОН. /Reuters/. Флорида муж улсын ижил хүйстнүүд цугладаг шөнийн цэнгээний газарт буугаар зэвсэглэсэн этгээд олон хүнийг хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан буу зэвсэг эзэмшихэд тавих хяналтыг чангатгахыг шаардаж буй Ардчилсан намын гишүүд Конгрессын доод танхимын шалан дээр суулт хийж байна.

Буу зэвсэг эзэмшихэд тавих хяналтыг чангатгах хүртэл бууж өгөхгүй байхыг Конгрессын гишүүн Жон Льюис бусаддаа уриалжээ.

Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан энэ эсэргүүцлийн суултыг “олон нийтийг татах гэсэн ов мэх” гэж тодорхойлов.

Сенатчдын зарим нь буулт хийж байна. Тухайлбал, Ардчилсан намын нөлөө бүхий сенатч Харри Рид Бүгд найрамдах намаас гаргасан нэгэн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, террорист халдлага үйлдэж болзошгүй хүмүүсийн жагсаалтад орж байсан тодорхой тооны хүмүүст буу худалдахыг хориглох тухай Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Сьюзан Коллинзын санаачилсан хуулийн төслийг Рид дэмжиж байгаа юм.

Өөрийгөө “Лалын улс” бүлэглэлд үнэнчээр зүтгэгч нэгэн гэж зарласан Омар Матин гэгч энэ сарын 12-нд Орландо хотын “Pulse” шөнийн цэнгээний газарт 49 хүнийг буудан хөнөөсөн юм. Энэ нь Америкийн орчин цагийн түүхэн дэх хамгийн олон хүнийн аминд хүрсэн халдлага болсон билээ.

Г.Доржханд

 

 

関連ニュース