“Бэлчээрийн менежмент” хөтөлбөр батална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-20 17:20:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ “Бэлчээрийн менежмент” хөтөлбөр батлахаар төлөвлөж байна. Дэлхийн цаг агаарын хуурайшилт, дулааралтай холбоотойгоор бэлчээрийн даац буурч байгаа боловч хүний хүчин зүйлийн буюу бэлчээрийн менежментийн бодлого зохицуулалт алдагдсантай шууд хамааралтай гэж үзэж аймгийн хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Сүүлийн 20 жилд бэлчээрийн нэг га талбайн ургац 2.1 центнер буюу 36 хувиар буурсан гэсэн  судалгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар гаргажээ.

2014 онд Шинжлэх ухааны академийн харьяа Газар зүй геоэкологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэнгээр хийлгэсэн аймгийн бэлчээрийн төлөв байдал, цөлжилтийн судалгаагаар нийт бэлчээрийн 74.0 хувь буюу 1934.3 мянган га бэлчээр талхлагдалд орсноос 582.2 мянган га хэт их, 861.5 мянган га их, 320.6 мянган га дунд, 74.8 мянган га бага талхлагдсан байжээ. Бэлчээрийн доройтлыг зайнаас тандах аргаар хуурайшлын индекс, ургамлын нормчлогдсон индекс, хур борооны бүтээмжит байдлын индекс, хүний хүчин зүйлийн нөлөөллийн индекс зэргийг тооцсон нэгдсэн үнэлгээгээр нийт газар нутгийн 30.07 хувьд нь доройтол илрээгүй, 28.55 хувьд сул буюу цөлжилтөд өртөх боломжтой, 31.61 хувьд дунд буюу бага зэрэг цөлжилтөд өртөж байгаа, харин 9.77 хувьд нь доройтол хүчтэй илэрсэн байна.

2006 онд нийт газар нутгийн 0.32 хувийг хүчтэй доройтсон газар эзэлж байсан бол 2019 онд 9.7 хувь болж өссөн судалгаа байна. Ялангуяа Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумдад бэлчээрийн доройтол эрчимтэй явагдаж байгаа аж.

関連ニュース