Ху Жинтаогийн туслахад бүх насаар нь хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-05 09:09:32

БЭЭЖИН. /ВВС/. БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн туслахад авлигын болон бусад хэргээр бүх насаар нь хорих ял шийтгэлээ.

БНХАУ-ын улс төрийн зөвлөх байгууллагын дэд тэргүүн асан Лин Зихуа-г авлига авсан, төрийн нууц мэдээллийг хууль бусаар олж авсан болон эрх мэдлээ хэтрүүлсэн гэм буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Тянжинь хотын шүүх энэ ялыг даваа гарагт оноожээ.

Хүмүүсийг ажилд авсныхаа хариуд Лин Зихуа нийтдээ 77 сая орчим юань буюу ойролцоогоор 12 сая долларын авлига авсан бололтой.

Мөн тэрбээр төрийн нууц мэдээллийг хууль бусаар гартаа оруулж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглажээ. Тэрбээр гэм буруугаа хүлээсэн байна.

Шүүх хурал хаалттай болсон учир Лин чухам төрийн ямар нууц мэдээллийг олж авсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Одоо түүний дүү болох Лин Ванчөнийг хайж байна. Түүнийг нууц мэдээллүүд олж аван АНУ руу зугтсан гэж үзэж байгаа ажээ.

Г.Доржханд

 

関連ニュース