Багдадын дэлбэрэлтийг 2003 оноос хойших хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-07 13:44:22

БАГДАД. /NHK/. Иракийн нийслэл Багдад хотод өнгөрсөн ням гарагт болсон террорист халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 250-д хүрч нэмэгджээ. 2003 онд Иракийн дайн эхэлснээс хойших хугацаанд нэг террорист халдлагад өртөн ийм олон хүн амиа алдсан тохиолдол гарч байгаагүй юм.

Иракийн ЭМЯ-ны албаны хүн өчигдөр мэдэгдэхдээ “өнгөрсөн ням гарагт Иракийн нийслэлд лалын шиитийн урсгалыг шүтэгчид голдуу оршин суудаг дүүрэгт автомашин дэлбэлсний улмаас 250 хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархадсан” гэжээ.

Уг халдлагын хариуцлагыг лалын суннитуудын нэгэн бүлэглэл өөртөө хүлээсэн юм.

Иракийн дайн нь тус улсад лалын шиитүүд болон суннитуудын хооронд дайсагналыг улам хурцатгасан билээ.

Босогчдын бүлэглэлийн хяналтад байсан газруудыг Иракийн засгийн газрын хүчнийхэн саяхнаас чөлөөлж эхэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн сард Фаллужа хотыг чөлөөлсөн билээ.

Гэвч Багдадад болон тус хотын ойр орчимд террористууд өшөө авах ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор тус улсад нөхцөл байдал улам бүр муудсаар байна.

Г.Доржханд

 

関連ニュース