Өмнөд Суданы дайсагнагч талууд гал зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЖУБА. /Anadolu/. Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кир болон Дэд Ерөнхийлөгч Рик Мачар нар байлдахаа зогсоохыг өөр өөрсдийн хүчнийхэндээ тушаажээ.
Хоёр удирдагч даваа гарагт гал зогсоохыг тушааснаар нийслэл Жуба хотод хүчирхийлэл мөргөлдөөн намжсан гэсэн мэдээлэл байна.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд гал зогсоох хэлэлцээрийг талууд нэг бус удаа зөрчиж байсан учир нөхцөл байдал эгзэгтэй хэвээр байна.
Бараг хоёр жил үргэлжилсэн иргэний дайн дууссаны дараа энэ оны дөрөвдүгээр сард тус улс түр засгийн газар байгуулсан юм.
Гэвч Салва Кир болон Рик Мачарт үнэнч хүчнийхэн саяхнаас хоорондоо дахин мөргөлдөж, байлдаж эхэлсэн билээ. Сүүлд өнгөрсөн баасан гарагт болсон мөргөлдөөний үеэр 270 гаруй хүн, тэдний дотор энгийн номхон иргэд амь үрэгдсэн юм.
Г.Доржханд