Америкийн цэргийн мэдээлэлд халдсан Хятадын иргэнийг 4 жилийн хорих ялаар шийтгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-14 16:21:17

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын цэргийн нууц мэдээлэлд хууль бусаар нэвтэрснээ хүлээсэн Хятадын бизнес эрхлэгч залуу АНУ-д дөрвөн жил хоригдох ял шийтгүүлжээ.

Сү Бин гэх уг залуу 2008-2014 оны хооронд АНУ-ын батлан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын мэдээллийг хулгайлахад Хятадын цэргийн хакеруудтай хамтран ажиллаж байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнийг 2014 онд Канадад баривчилж, АНУ-д шилжүүлэн өгчээ.

Харин БНХАУ-ын Засгийн газраас уг мэдээллийг няцааж, гадаадын компаниуд эсвэл Засгийн газрын мэдээллийг хакердахад ямар ч оролцоо байхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Сү Бинд 46 сарын хорих ял оноосноос гадна түүнд 10 мянган долларын торгууль тавьжээ.

АНУ-ын цэргийн нууц мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, хулгайлахад Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний хакеруудад тусалснаа Сү Бин хүлээн зөвшөөрсөн учраас түүнд энэ шийтгэлийг оноож байна гэж Лос Анжелес хотын Ерөнхий прокурорын туслах Жон Карлин мэдэгдэв.

Д.Нямтулга

関連ニュース