Японы эзэн хаан Акихито хаан ширээгээ шилжүүлэн өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-15 11:09:02

ТОКИО. /NHK/. Японы эзэн хаан Акихито хаан ширээгээ ойрын хэдэн жилийн дотор өөрийн ууган хүү,  угсаа залгамжлах хунтайж Нарүхитод шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байна гэж “NHK” телевиз мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө 82 настай эзэн хаан Акихито хаан ширээгээ шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаагаа Эзэн хааны гэр бүлийн асуудал хариуцсан агентлагийн албаны хүмүүст уламжилжээ. Нас дээр гарсан эзэн хаан өнөө хэр нь олон үүрэг гүйцэтгэдэг юм.

Хаан ширээгээ шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаагаа эзэн хаан Акихито олон нийтэд удахгүй албан ёсоор мэдэгдэх аж.

Албаны хүмүүс хэлэхдээ “эзэн хаан гүйцэтгэх үүргээ багасгах эсвэл өөрийнхөө ажлыг бусдаар хийлгүүлэх замаар хаан ширээнд суухыг хүсэхгүй байна” гэв.

Эзэн хааны хүслийг гэр бүлийнхэн нь хүндэтгэн дэмжиж байгаа гэнэ.

Одоогоос гурван жилийн өмнө Нидерландын хатан хаан Беатрикс өөрийн ууган хүү, угсаа залгамжлах ханхүү Уиллем-Александрт хаан ширээгээ шилжүүлэн өгч байсан юм.

Японы түүхэнд одоогийн эзэн хааны эцэг, эзэн хаан Шовагоос өмнөх 124 хааны бараг тэн хагас нь мөн нас дээр гарсан гэсэн шалтгааны улмаас хаан ширээгээ шилжүүлэн өгч байжээ.

Гэхдээ Японы сүүлийн 200 орчим жилийн түүхэнд хаан ширээг шилжүүлэн өгсөн тохиолдол гарч байгаагүй ажээ.

Г.Доржханд

関連ニュース