Цэргийн эргэлт хийх оролдлогод АНУ хамаатай гэх мэдээлэл "худал" гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай утсаар холбогдон ярилцахдаа “Туркэд цэргийн эргэлт хийх оролдлогод АНУ-ын оролцоо байсан гэсэн мэдээлэл нь “ор үндэслэлгүй худал” болохыг батлан хэлжээ.
Керри хэлэхдээ “Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдоход АНУ тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэх мэдээлэл бол хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй ор үндэслэлгүй худал мэдээлэл юм” гэжээ.
Мөн энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа Туркийн эрх баригчдад АНУ туслах хүсэлтэй байгааг тэрбээр тодорхой мэдэгдсэн байна.
Эцэст нь НАТО-гийн холбоотон төдийгүй “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа эвслийн гол гишүүн болох Туркийн оролцоо, үүргийн талаар хоёр сайд ярилцсан байна.
Бямба гарагт шилжих шөнө босогчдын нэгэн бүлэглэл Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдсоноор Анкара болон Истанбул хотод томоохон мөргөлдөөн дэгдсэн юм.
Туркийн эрх баригчид бямба гарагт мэдэгдэл хийхдээ “цэргийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоосон. Туркийн Засгийн газар улс орны төрийн эрхийг барьсан хэвээр байна” гэсэн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээгээр, цэргийн эргэлт хийхийг оролдох явцад амь үрэгдэгсэн хүмүүсийн тоо 265 болж нэмэгдсэн бол 1440 гаруй хүн шархдаж, гэмтэж бэртжээ.
Г.Доржханд