"Huawei" компанийн орлого буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /TASS/. “COVID-19”-ийн цар тахал, АНУ-ын хориг арга хэмжээтэй холбоотойгоор Хятадын харилцаа холбооны томоохон компани болох "Huawei"-н орлого урьдчилсан тооцоогоор 634 тэрбум юань буюу 99 тэрбум ам.доллар болж, 28.8 хувиар буурчээ.
“2022 онд бид хэд хэдэн сорилтод хариу арга хэмжээ авах ёстой. Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулахын тулд цуцалтгүй хүчин чармайлт гаргах болно” гэж тус компани “WeChat” сүлжээнд баасан гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
2019 оноос хойш тус компани АНУ-аас авсан хориг арга хэмжээний улмаас хүнд дарамтад байгаа юм. Ялангуяа хамгийн сүүлийн үеийн чипүүдийн нийлүүлэлт зогсож, Америкийн технологид нэвтрэх боломжийг хаасны дараа ухаалаг гар утас үйлдвэрлэх, худалдаалахтай холбоотой бизнес нь хүнд цохилтод оржээ.
2020 онд “Huawei”-н цэвэр ашиг 64.6 тэрбум юань (10.1 тэрбум орчим ам.доллар) болж, 2019 оныхоос 3.2 хувиар өссөн бол борлуулалтынх нь нийт орлого жилийн дунджаас 3.8 хувиар өсөж, 891.4 тэрбум юаньд (139.4 тэрбум орчим ам.доллар) хүрч байжээ.