Филиппиний тал Хятадтай хэлэлцээ хийхээс татгалзаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-20 09:31:22

МАНИЛА. /NHK/. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн хэлэлцээ хийе гэсэн Хятад улсын саналд Филиппиний Гадаад хэргийн сайд татгалзсан хариу өгчээ.

Өмнөд Хятадын тэнгисийг БНХАУ бараг бүхэлд нь өөрийн улсын нутаг дэвсгэрт хамааруулан үздэг явдлыг үгүйсгэсэн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Гааг хотод төвтэй Олон улсын арбитрын шүүх гаргасан юм. Харин БНХАУ энэ шийдвэрийг дагаж мөрдөхөөс татгалзаж байна.

Филиппиний Гадаад хэргийн сайд Перфекто Ясай өчигдөр телевизэд ярилцлага өгөхдөө Хятадын саналд татгалзсан хариу өгснөө хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Монголын нийслэл Улаанбаатарт болсон Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр би Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсан” гээд “арбитрын шүүхийн шийдвэрийг “үл хэрэгсэн” хоёр талын хэлэлцээ хийхийг уулзалтын үеэр Ван И санал болгосон” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “харин түүний санал Филиппиний үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй байгааг би онцлон хэлсэн” гэв.

Арбитрын шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөхийг Хятад улсын талд Филиппиний Гадаад хэргийн сайд ярилцлага өгөх үеэрээ дахин уриалжээ.

Г.Доржханд

 

関連ニュース