'Brexit'-ийн хэлэлцээний тухайд Олланд, Мэй нар санал зөрөлдөөнтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС. /NHK/. Европын Холбооноос гарах асуудлаар удахгүй хэлэлцээ хийж эхлэхийг Их Британиас Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хүсчээ.
Харин Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “хэлэлцээг энэ онд хийж эхлэхгүй” гэсэн байр сууриа давтан илэрхийлсэн байна.
Мэй болон Олланд нар пүрэв гарагт Парис хотноо Францын ерөнхийлөгчийн ордонд уулзжээ. Их Британи ЕХ-ноос гарахаар шийдсэний дараа Мэй өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд болсноосоо хойш Олландтай анх удаагаа уулзсан нь энэ юм.
Уг уулзалтын дараа Мэй сэтгүүлчдэд хэлэхдээ “их британичуудын ЕХ-ноос гарах шийдвэр Их Британид төдийгүй Европын түншүүдэд амжилт авчирна гэдэгт би бат итгэж байна” гэжээ. Гэхдээ ЕХ-ноос албан ёсоор гарах хэлэлцээг хийж эхлэхэд бидэнд хугацаа хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.
Харин ЕХ-ны бусад гишүүн улсуудад учрах эдийн засгийн эрсдлийг багасгахын тулд хэлэлцээг аль болох эрт хийж эхлэхийг Олланд уриалжээ.
Мөн энэ сарын 14-нд Францын өмнөд нутгийн Ницца хотод болсон халдлагад өртөн амь үрэгдсэн хүмүүсийг хоёр улсын удирдагчид дурсан санаж, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн хяналтыг чангатгахаар тохиролцжээ.
Үүний өмнөх өдөр буюу лхагва гарагт Берлин хотноо Германы Канцлер Ангела Меркельтэй Тереза Мэй уулзаж, хэлэлцээ хийсэн юм. Энэ нь Тереза Мэйн хувьд Их Британийн засгийн газрын тэргүүний хувиар гадаадад хийсэн анхны айлчлал нь байсан билээ.
Г.Доржханд