Хоногт 60-70 иргэн яаралтай тусламжийн үйлчилгээ авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь өвчтөнд үр өгөөжтэй, системтэй эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхийн тулд 24 цагийн “Яаралтай тусламжийн тасаг”-ийг ажиллуулж байна.
Тасгийн үйл ажиллагааг
эхэлснээс хойш эмч сувилагч, ажиллах боловсон хүчний тоог нэмэгдүүлэх,
үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчныг бий болгоход чиглэсэн олон ажлыг
амжилттай хэрэгжүүлсээр иржээ.
Энэ тасагт 18 мэргэжлийн эмч, сувилагч ажиллаж байгаа бөгөөд яаралтай тусламжийн үйлчилгээг тухай бүрт стандартын дагуу шуурхай үзүүлж байна. Судалгаагаар хоногт 60-70 хүн яаралтай тусламжийн үйлчилгээ авч байна.
Ингэхдээ зүрх зогсох, хордлого, гэмтэл зэрэг яаралтай тусламжийн тасгийн өвчтөнүүдээс гадна дотор болон мэс заслын тасгийн чиг үүрэгт хамаардаг бусад олон төрлийн өвчтэй хүмүүст эмнэлгийн үйлчилгээг тусгай эрэмбэ дарааллын дагуу үзүүлсээр байна. Түүнчлэн зүрхний булчингийн шигдээс, тархины судасны эмгэг, хүнд гэмтэл гэх мэт цаг хугацаатай уралдаж байдаг хүнд өвчтөнийг холбогдох мэргэжлийн эмчтэй холбож, эмчилгээг түргэн, шуурхай авахад нь тусалж, нягт хамтран ажилладаг гэнэ.
Энэ хамт олон яаралтай
түргэн тусламжийн 103 дугаарт иргэдээс дуудлага хүлээн авч, эмнэлгийн тусламж
үйлчилгээ үзүүлж, мэдээллээр хангаж байна. Өвлийн улиралд (томуу, томуу төст
өвчний тархалтын үед) 40-50, бусад улиралд дунджаар 20-30 хүнд дуудлагаар
үйлчилдэг гэсэн судалгаа
мэдээлэл гаргажээ.
2022 оныг “Эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласантай
холбогдуулан Яаралтай тусламжийн тасгийн хамт олон иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ хүргэхээр зорин ажиллаж байна.
