ХОВД: 600 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчийн өдрийг өнөөдөр Ховд аймагт тэмдэглэн өнгөрүүллээ.
Орчин
үед сувилахуйн шинжлэх ухаан нь бие даасан байдлаа улам бүр хадгалж, арга
технологийн хувьд өргөжсөөр олон улсын хэмжээнд хамгийн эрэлттэй арван
мэргэжлийн нэг байсаар байна.
Сувилахуйн
салбар нь эрүүл мэндийн салбарын хамгийн том мэргэжлийн бүлэг бөгөөд эрүүл
мэндийн салбарын хүний нөөцийн 60 гаруй хувийг бүрдүүлж байгаа. Үүнээс гадна хүйсээр ялгарах өндөр
мэргэжил хэвээр буюу 90 гаруй хувь нь эмэгтэй, бүх шатны эрүүл мэндийн
байгууллагын ажилтнуудын тэргүүн эгнээнд нь явдгаараа онцлогтой.
Өнөөдрийн
байдлаар Ховд аймгийн хэмжээнд эрүүл
мэндийн салбарт 1444 эмч,
мэргэжилтэн, ажилтан байгаа. Үүний 660 буюу 46.0 хувь нь сувилагч, тусгай мэргэжилтэн юм. Тэд иргэдэд
ерөнхий болон төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй
үзүүлж байна.
Эмч,
сувилагчийн харьцаа улсын түвшинд 1:1.0 байгаа бол Ховд аймагт 1:1.2 болж, улсын дунджын түвшинд.
10
мянган хүн амд ногдох сувилагчийн тоогоор Ховд аймаг 35.7 байгаа нь бусад аймгуудын
(34.3) дунджаас 1.4 пунктээр дээгүүр байгаа юм.
Эрүүл
мэндийн тусламж бол эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний багийн
үйлчилгээ бөгөөд цаашид сувилан асарч, анагаах, эдгээх үйлчилгээнд шинэ
технологи инноваци нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэх,
сувилагчдын ажлын ачааллыг бууруулах, цалин урамшуулалыг нэмэгдүүлэх, тэдний
хөгжил оролцоог дэмжих, мэдлэг ур
чадварыг нь ахиулахад анхаарч ажиллаж ирсэн гэж өнөөдөр салбарын удирдлагууд онцоллоо.
"Олон
улсын сувилагчдын өдөр" тохиож буй энэ үед Ховд
аймгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд дундаас гавьяат цолтон тодорчээ. Мөн үнэ цэнэтэй, эрэлт
хэрэгцээтэй сувилагч хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшиж, тус аймгийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд олон жил тууштай ажиллаж яваа
шилдэг 90 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн өнөөдөр хөдөлмөр зүтгэлээ
үнэлүүлж, салбарын
шагнал гардан авлаа.
Ховд
аймгийн Эрүүл мэндийн салбарынхан Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан олон талт
үйл ажиллагаа зохион
байгуулсан. Тухайлбал, харьяа эрүүл мэндийн
байгууллагад ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн идэвх оролцоо, хамтын ажиллагааг
сайжруулах зорилгоор спортын тэмцээн өрнүүлж, эрүүл мэндийн хөгжлийг нь дэмжжээ.