ХОВД: Мал эмнэлгийн лабораторийн оношилгооны чадавхыг бэхжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мал эмнэлгийн лабораторид 5 төрлийн 11 ширхэг багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, оношилгооны чадавхыг бэхжүүллээ.
Тус
лаборатори нь 5 эмч ажилтантай. Мал, амьтдын бүх төрлийн өвчнийг оношлох,
шинжилгээ хийх, тархалт, халдварлалтын түвшнийг тогтоох, тэмцэх үйл ажиллагааны
үр дүнд үнэлэлт өгөх, малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаа
гаргах, олон улсын болон үндэсний стандартын шаардлагад нийцсэн баруун бүсийн
төв лаборатори болж өргөжин хөгжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
“Мал
аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-өөс мал эмнэлгийн
лабораториудын оношилгооны чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн аймагт
багаж, тоног төхөөрөмж олгож буй.
Өнөөдөр
Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дэргэдэх Мал эмнэлгийн лабораторид зайлшгүй
шаардлагатай байсан 5 төрлийн 11 ширхэг
багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Мөн лабораторийн эмч ажилтнууд дээрх багаж, тоног
төхөөрөмжийг хэрхэн ашиглах тухай сургалт, дадлага ажил хийж байна.
Ингэснээр
мал эмнэлгийн лабораторийн үйлчилгээ өргөжиж, Улаанбаатар хот дахь төв
лабораторид хийдэг зарим шинжилгээг орон нутагтаа хийх замаар мал, амьтдын
эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс сэргийлэх, цаг хугацаа, зардал хэмнэх
боломж бүрдэж байна.