ДОРНОД: Улз голын Хархираа тогоруунууд Шар мөрөнд өвөлжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Улз голын Хархираа тогоруунуудыг удаан хугацаанд судалж, Шар мөрөнд өвөлжсөнийг дамжуулагчийн тусламжтайгаар танджээ. Сонирхуулбал, энэ хүртэлх замдаа гурван газарт урт хугацаагаар бууж амарсны нэг нь Халх гол сумын нутагт байх Ташгайн таван нуур юм.
Тогоруунууд нуурын орчмын ус, намгархаг орчин болон
тариан талбай, мөн Халх гол сумын төвийн урд хэсэг болох томоохон намгархаг
нутагт амарч саатжээ.
Монголын шувуу хамгаалах төв 2017-2021 онд Дагуурын бүс нутаг Улз голоос “ховордож болзошгүй” ангилалд орсон Хархираа тогорууны 11 бодгальд дамжуулагч зүүж нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тандсан байна. Энэ хугацаанд 20 намрын нүүдлийн мэдээ болон 16 хаврын нүүдлийн мэдээ болох 109,224 цэг цуглуулсан аж.
Энэ нь Монгол оронд Хархираа тогорууны нүүдлийг тандан судалж
буй анхны ажил бөгөөд ”Animals” сэтгүүл
дээр тус судалгааны ажлыг нийтэлсэн байна.
Сонирхолтой нь, Хэрлэн голын хөндийд үржлийн Хархираа тогоруу бүртгэгдээгүй. Дээрх тогоруунууд бүгд Улз голоос баригджээ.
Улз гол бол Монгол орны зүүн бүсийн Хархираа тогорууны хувьд
үржлийн чухал нутаг.