ЗАВХАН: Англи хэлний мэдлэгээ сайжруулахад нь сурагч бүрт тусална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Тус
аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг 1998 онд төгссөн “98 төгсөгчдийн холбоо”-ноос
суралцагчдад англи хэл сурахад нь дэмжлэг болгож ном хандивлав.
“98 төгсөгчдийн холбоо”-ноос орон нутгийнхаа хөгжил, нийгмийн олон талын үйл ажиллагаанд санаачлага гарган идэвхтэй оролцдог бөгөөд энэ удаад орон нутгийнхаа хүүхэд багачуудад зориулан оюуны хөрөнгө оруулалтыг хийгээд буй юм.
Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 8, 12-р ангийн нийт 2307 суралцагчдад англи хэлний мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ном хандивлаад байна.
Швейцарын Холбооны Улсын иргэн, хатагтай Анита
Фарнийн
дунд
сургуулийн англи хэлний дунд болон ахисан түвшний мэдлэгтэй хүүхдүүдэд зориулан
гаргасан номыг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад гардуулж өглөө.
Энэхүү номыг зохиогч нь монголчуудын
амьдралаас сэдэвлэж, зохиолоо
өөрөө бичиж, хэвлүүлж, алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хүргэхийг зорьдог аж.
Түүний хувьд 1998 онд анх Монгол Улсад аяллаар ирсэн цагаасаа хойш манай улсын ерөнхий боловсролын сургуулиуд, номын сангуудыг англи хэлний ном, бусад хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж, сурагчдын англи хэл сурахад нь дэмжлэг үзүүлж байгаа аж.
Тэгвэл энэхүү номыг Завхан аймгийн
сургуулиудад хүргүүлэх ажлыг 98 төгсөгчдийн холбооноос санаачлан, зохиогчид
санал тавьснаар, өнөөдөр 8, 12-р ангийн суралцагчид номоо хүлээн аваад байна гэж
аймгийн БШУГ-аас мэдээлэв.
-“Монгол хүүхдүүдэд зориулсан дунд сургуулийн англи хэлний дунд болон ахисан түвшний энэхүү номыг хүлээн авсан хүүхдүүдтэй онлайнаар холбогдож, номыг хэрхэн судалж, суралцаж байгаа талаарх сэтгэгдлийг нь авч, ирэх жилээс бусад суралцагчдад хүргүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна.
Түүнчлэн хүүхэд бүр тухайн жилд англи хэлний номоо үзэж
дуусгаад, дараагийн шатны номыг хүлээн авахаас гадна, жил бүр доод ангийн
хүүхдүүддээ дамжуулан хэрэглүүлэх зорилготой.
Англи хэлний мэдлэг боловсролоо газар нутгийн хол ойроос шалтгаалалгүйгээр бие даан суралцах, мэдлэгээ нэмэх, сайжруулах боломжийг энэхүү номоор дамжуулан хүүхэд бүрт олгохыг зорьж байгаа юм.
Бүтэн жилийн хугацаанд зохиогч болон төрийн бус байгууллагууд, холбогдох газруудад хүсэлт тавьснаар эхний 1000 ширхэг номыг Лондон хотоос хүргүүлж авсан. Харин сүүлийн 1000 гаруй номыг Улаанбаатар хотоос Завхан аймаг руу хүргэх ажлыг холбооны төгсөгчид идэвхтэй шуурхай зохион байгуулж хүргэж өглөө.
Тэр бүр олдодгүй, хүлээлт,
эрэлт ихтэй байдаг энэхүү номыг Завхан аймгийн хүүхэд багачуудад хүргэхэд
дэмжлэг үзүүлсэн “Хөгжлийн шүтэлцээ” ТББ-ын хамт олонд мөн талархал илэрхийлж байна
хэмээн зохион байгуулагч, санаачлагч 98 төгсөгчдийн холбооноос нэмж дуулгалаа.