ОРХОН: “Иргэн бүр зүрхээ хайрлая” аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-18 14:05:48
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 18./МОНЦАМЭ/. Орхон аймагт зонхилон тохиолдох таван өвчний дөрөвт нь зүрх судасны өвчин багтдаг бол нас баралтын шалтгааны эхэнд нь зүрх судасны тогтолцооны өвчин орж байна.


Энэ оны эхний есөн сарын байдлаар дээрх шалтгаанаар 352 хүн нас баржээ. Иймд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс “Иргэн бүр зүрхээ хайрлая” сарын аяныг эхлүүллээ.


Аяны хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 66 байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, ажилчдад зориулан ажлын байран дээр эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, эрүүл, зөв дадал, хэвшлийг бий болгоход уриалсан зөвлөгөө, мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа.


Мөн дээрх байгууллагуудын дунд эрүүл зүрх аяны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг байгууллага, хамт олон шалгаруулах болзолт уралдаан зарлалаа. Уралдаанд, ажлын байрны нөхцөл болон ажиллагсдын эрүүл мэндийн байдал, эрсдэлт хүчин зүйлүүдэд үнэлгээ, судалгаа хийж урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, эрүүлжүүлэн, үр дүнг тооцсон байх гэнэ.


Мөн ажлын байранд ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлж, амрах орчин, анхны тусламж авах, ус уух, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх боломж нөхцөлөөр хангасан байх зэрэг 11 шалгуур үзүүлэлтийг тавьжээ.


Үр дүнд нь байгууллагад ажиллаж буй ажиллагсдын зүрх судасны өвчинд өртөх эрсдэл буурч, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг хандлага нэмэгдэж, ажиллагсдын эрүүл мэндийн байдал сайжирна гэж аяныг санаачлагчид хэлж байна.

 

関連ニュース