Далай ламын нөлөөтэй тэмцэх нь эн тэргүүний зорилт гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Reuters/. Далай ламын нөлөөтэй тэмцэх явдлыг Түвдийн үндэсний цөөнхийн асуудлыг зохицуулах үйл ажиллагааны эн тэргүүний зорилт болгоно гэж Түвдийн Коммунист намын дарга мэдэгдээд, түүний "салан тусгаарлах, хорлон сүйтгэх" үйл ажиллагааг үндсээр нь зогсооно гэсэн байна.
Хятадын коммунист цэргүүд 1950 онд Түвдийг энхийн замаар чөлөөлсөн бөгөөд Хятад улс өдгөө 80 настай Нобелийн энх тайвны шагналт Далай ламыг салан тусгаарлагч гэж үздэг билээ.
Харин цөлөгдсөн Далай лам Гималай нутгаа өөртөө засах улс болгох зорилго агуулдаг байна.
Түвдийн шашны удирдагч тэрбээр Франц дахь Европын парламентад үг хэлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлж, хариу арга хэмжээ авна гэсэн байна.
"Эхний ээлжинд бид Далай лам болон түүнийг хүрээлэгчидтэй хийж буй тэмцлээ гүнзгийрүүлж, үүнийг Түвдийн үндэсний цөөнхийн асуудлыг зохицуулах эн тэргүүний зорилт, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх урт хугацааны зорилт болгох хэрэгтэй" гэж Түвдийн Коммунист намын нарийн бичгийн дарга У Инзе мэдэгдсэнийг “Tibet Daily” сонинд нийтэлжээ.
Мөн тэрбээр хэлэхдээ, бид 14 дэх Далай ламын харгис үзэл суртлыг илчилж, түүний салан тусгаарлагч, хорлон сүйтгэх үйл ажиллагааг зогсоон, үндэсний эв нэгдэлд хохирол учруулж болзошгүй хортой элементүүдийг устгах ёстой гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга