Х.Номуун “Парис-2024” Паралимпын наадамд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-27 08:39:17

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Францын нийслэл Парис хотноо эхлэх зуны Паралимпын наадамд оролцох тамирчдын нэр тодорсоор байна.


Манай улсаас өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, байт харваа, таеквондогийн төрлөөр таван тамирчны эрх баталгаажаад буй. Тэгвэл тэдний араас спортын мастер Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд оролцохоор болов. Тэрбээр Паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болж байгаа бөгөөд улсынхаа дээд амжилтыг хэдэнтээ шинэчилсэн юм. Х.Номуун өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөж яваа ирээдүйтэй тамирчин аж.


Тэрбээр 2023 онд Citi Para Swimming-World Series Singapore тэмцээнд эмэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд S6 ангилалд өрсөлдөж финалын шатанд 7:37.50 амжилттайгаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүнчлэн “Allianz Para Swimming World Championships Manchester тэмцээний 50, 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд амжилттай оролцож дээд амжилтаа шинэчилжээ.


Үүнээс гадна 2024 онд Австрали, Герман, АНУ, Францад зохион байгуулсан "Citi Para Swimming-World Series” цуврал тэмцээний 100, 400 метрийн өвөр болон араар даллах сэлэлтээр амжилтаа тогтмол шинэчилж байсан юм. Ийнхүү тэрбээр Парисыг зорих Монголын зургаа дахь Паралимпын тамирчин болж байна. 





関連ニュース