Хятад улсад залуусын ажилгүйдэл оны эхнээс хойших хамгийн дээд түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-08-26 16:26:55

БЭЭЖИН, 2024 оны наймдугаар сарын 26 /Reuters/. Өнгөрсөн долоодугаар сард Хятадын 16-24 насны залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин 17.1 хувьд хүрсэн нь оны эхнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ тухай Ройтерс агентлаг Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээллийг эш татан мэдээлжээ. 


Хятад улсад дээрх насны залуучуудын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны зургаадугаар сард 21.3 хувьтай гарч, түүхэн дээд хэмжээнд хүрсний дараа тус улсын эрх баригчид залуусын ажилгүйдлийн талаарх мэдээллийг нийтлэхгүй байх шийдвэрийг гаргаж, тооцох аргачлалыг өөрчилж, энэ бүлгийн оюутнуудыг хасжээ. 2024 оны долоодугаар сарын мэдээлэлд оюутнуудыг оруулаагүй боловч зургаадугаар сард Хятадад 12 сая шахам хүн их дээд сургуулиа төгссөн нь долоодугаар сарын тоо баримтад нөлөөлсөн бололтой гэж Ройтерс мэдээлжээ. Тэд хөдөлмөрийн зах зээлд гарсан нь залуусын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.


Харин 25-29 насны залуусын ажилгүйдлийн түвшин долоодугаар сард 6.5 хувьтай гарсан нь 6.4 хувьтай байсан зургаадугаар сарынхаас бага зэрэг өндөр байна. Хятадад ажилгүйдлийн ерөнхий түвшин 5.2 хувь байна.



関連ニュース