Эх газрын өндөрлөгийн улс Монгол
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. Монгол бол далайгаас алс хол эх газрын өндөрлөгт оршдог орон. Тэндээс хамгийн ойрын далайн эрэг хүртэл 1500 км зайтай. Тус улсын газар нутгийн ихэнх хэсэг далайн түвшнээс дээш 1000 м-ээс илүү өндөрт оршдог. Монголын цаг уур дэлхийн эх газрын уур амьсгалын онцлогийг хамгийн тодоор илтгэж байдаг. Өвлийн хүйтэн удаан үргэлжилж, зун намартаа өдөр шөнийн агаарын хэмийн зөрүү их байдаг бөгөөд жилийн ихэнх өдрүүдэд нарлаг байна. Энэ мэт байгаль цаг уурын онцлог нь тус улсыг бэлчээрийн мал аж ахуйн орон болоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж болно.
Монголын бэлчээрийн мал аж ахуй он удаан жилийн уламжлалтай юм. Нутгийн ихэнх хэсэг нь мал амьтан адгуулахад тохиромжтой тал газар бөгөөд хүн ардын ихэнх нь нүүдлийн мал аж ахуйг чухалчлан үзнэ. Нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг монголчууд тал нутагтаа хонь, ямаа, адуу, үхэр, тэмээг өсгөн үржүүлдэг.
Үзүүргүй цэлгэр тал нутагт усны урсгал мэт хонин сүрэг бэлчинэ. Морио унан хахир хүйтнийг үл ажран мянга түмэн хонь малаа хариулах малчны төрх бол зөвхөн нүүдэлчин монголчуудын дундаас харж болох өвөрмөц төрх юм.
Түүхээс харвал, тус улс эдийн засгаа мал аж ахуй буюу мах, ноос, арьс ширний үйлдвэрлэлд түшиглэн хөгжүүлж иржээ. Харин өнөөдөр төр засаг, ард түмний хичээл зүтгэлийн дүнд Монголын эдийн засаг олон талаар хөгжиж байна. Тухайлбал, уул уурхайн үйлдвэрлэл мал ахуйгаас давж улсын тэргүүлэх салбар болон хөгжжээ. Монголд 300 гаруй нүүрсний уурхай байдаг бөгөөд тэдгээрийн нийт нөөц 173 тэрбум 300 сая тонн гэж тооцдог. Тус улс жил бүр 30 сая гаруй тонн нүүрс олборлож, 20 сая тонныг нь экспортолж байна.
Улс орны өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахын тулд олон төрлийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж үүнд салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний нөөцийг түлхүү ашиглаж байна. Ойжуулалтын ажлыг эрчимтэй явуулж, жил бүрийн 5 болон 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гараг бүрийг мод тарих өдөр болгон, бүх ард түмнийг мод тарих аянд уриалж оролцуулан идэвх чармайлт гаргасан хүнд олон төрлийн урамшуулал олгож байна.
Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн олон улстай найрсаг харилцаа тогтоон гадаад харилцаагаа хөгжүүлж байна. Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ой тохиож байгаа юм.
Сэтгүүлч Ким Сү Жин /Родон сонин 2016.10.16/