ДАРХАН-УУЛ: Төрийн алба цахимд шилжиж байгаа ч цаасан бичиг баримт нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-14 17:09:34

Дархан, 2025  оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” төвийн бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн Дархан хотод өнөөдөр эхэллээ. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 450 гаруй төрийн албан хаагч уг зөвлөгөөнд оролцож байна.


Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилгоор зохион байгуулж, тодорхой сэдвүүдийн дор хэлэлцүүлэг өрнүүлэх юм.




Тухайлбал эхний өдөр төрийн албаны тухай, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, хөдөлмөрийн тухай хуулиудын хэрэглээ сэдвээр сургалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.


Хэлэлцүүлэгт оролцогчид орон нутагт эрэгтэй төрийн албан хаагч дутмаг, цахим шилжилтийг хурдасгах бодлого барьж байгаа ч цаасаар гардаг албан бичгүүд илүү нэмэгдсэн, төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлсэн ч уйгуржин монгол бичгийн мэдлэг чадварыг бүрэн эзэмшсэн төрийн албан хаагч маш цөөн, цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл ялгаатай хэвээр байгаа зэрэгт шүүмжлэлтэй хандаж, асуулт хариултаар үргэлжилж байна.



 

Зөвлөгөөнийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэгийн байнгын хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, төрийн албаны салбар зөвлөлүүд хамтран зохион байгуулж байна.


Зөвлөгөөн хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр таван байршилд сургалт хэлэлцүүлгүүд явагдана.

Нутгийн удирдлагын ордонд Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар нар ёс зүйн дэд хорооны ажлын хэсгийн салбар сургалт хэлэлцүүлэг болж байна.



関連ニュース