ДАРХАН-УУЛ: "Ерөнхийлөгчийн илгээлт -2100" хөтөлбөрт оюутнуудыг хамруулах талаар уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-17 19:21:36

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухааны технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Япон Улсын Ниппон сангийн олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Южи Мори тэргүүтэй албаны төлөөлөл Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэд аймгийн засаг дарга Б.Азжаргал болон хэлтэс, агентлагийн дарга нартай уулзалт хийв.


Уулзалтаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн талаар санал солилцлоо.


Өнөөдрийн байдлаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдаж гадаадын их, дээд сургуулиуд болон тэтгэлэгтэй бэлтгэл хөтөлбөрт суралцаж буй 1075 оюутан байна. Энэ жилээс эхний ээлжид хөтөлбөрт хамрагдсан оюутнууд төгсөж эх орондоо ирж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлнэ гэж БШУТБ-ын зөвлөх Ч.Лодойравсал мэдээлэл өгөв.




Уулзалтаар  “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудаас сонгогдсон чиглэлээр бэлтгэж тэтгэлэгт хамруулах боломжтой гэв.


Мөн хотын архитектор, ай ти чиглэлээр төгсөж буй мэргэжилтнүүдээс орон нутагтаа урьж ажиллуулах, ЭШ-д 700-гаас дээш оноо авсан сурагчдаас Япон сангаас тэтгэлэг олгон Япон Улсад болон дотоодод сургах боломж байгааг судалж үзэхийг аймгийн Засаг даргаас хүслээ.


Дархан-Уул аймгаас хөтөлбөрт хамрагдан Англи улсад суралцаж байгаа нэг оюутан 2026 онд төгсөх бол 2027 онд Англи болон Унгар улсад суралцаж байгаа оюутнууд төгсөнө. Гуравласан гэрээний дагуу төгсөж ирсэн оюутнууд орон нутагтаа таваас доошгүй жил тогтвортой ажиллах ёстой гэдгийг онцоллоо.


Ташрамд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казахстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд оюутнууд суралцаж байна.


Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.



関連ニュース