СЭЛЭНГЭ: “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд шуурхай ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Дарханы
Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн хамт олон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хэрц орчимд
гарсан ойн түймрийн голомтод цаг алдалгүй хариу арга хэмжээ авч, нийгмийн
хариуцлагын хүрээнд шуурхай ажиллаж байна.
Өчигдөр буюу 7 дугаар сарын
19-ний өдрөөс эхлэн 180 орчим га газрыг хамарсан түймрийн голомтод 30 хүний
бүрэлдэхүүнтэй, иж бүрэн багаж хэрэгсэлтэй багийг илгээн, түймрийг унтраах,
цурам татах, цэвэрлэгээ хийх зэрэг чухал ажлуудыг Онцгой байдлын байгууллагатай
хамтран гүйцэтгэж байна.
Тус компани нь 2025 оны
байдлаар тав дахь удаагаа ой хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд
голомтод ажилласан багуудыг шатахуун, түлш, хоол хүнсээр хангахаас гадна 240
орчим ажилтан, 13 техник хэрэгсэлтэйгээр нийт 769 га газар хамарсан түймрийг
бүрэн унтрааж, сум, орон нутгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байна.