ЗАВХАН: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 5 тамирчин оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Олон
улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багт
Завхан аймгийн таван тамирчин бэлтгэл сургуулилтаа хийж байна.
10 дугаар сарын 3-13-ны хооронд Итали улсын Жесоло хотод зохион байгуулагдах олон улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.
Завхан аймагт тив, дэлхийн аваргууд ажиллаж, амьдарч байгаагийн үр дүнд таеквондогийн спорт хөгжиж байгаа нэг жишээ нь орон нутгийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан амжилт юм.
Өнгөрсөн хавар тус аймгийн "Цэцэн шонхор" клубийн тамирчид Олон улсын таеквондогийн өсвөр үе, залуучууд, мастер ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр 4-р байр эзэлсэн. Клубийн 118 тамирчин улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 16 алт, 16 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн байна.
Мөн тэмцээнд амжилттай оролцсон 9 тамирчин спортын дэд мастер, 1
тамирчин спортын мастер цол хүртэж, цол зэргээ гардан авсан юм. Өсвөрийн тамирчдаас 3, насанд хүрэгчдээс 5
тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас оролцох эрхээ авсан.
Өнөөдрийн байдлаар Италийн Жесоло хотод зохион байгуулагдах дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд манай 5 тамирчин оролцохоор Монгол улсын багт бэлтгэл
сургуулилтаа хийж байна. Өдөр бүрийн шаргуу бэлтгэлийн үр дүнд тив дэлхий
олимпын аварга болох хүсэл мөрөөдөлтэй тамирчид маань бахархам амжилтыг үзүүлнэ
гэж найдаж байгаа талаар "Цэцэн шонхор" клубийнбагш дасгалжуулагч
С.Будхүү хэлэв.
Ташрамд, таеквондогийн
дэлхийн, Ази тивийн хошой аварга тамирчин С.Будхүү аймагтаа ажиллаж амьдардаг
бөгөөд "Цэцэн шонхор" клубийг үүсгэн байгуулсан төдийгүй орон нутагт
энэ спортыг хөгжүүлэхээр олон талын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Таеквондогийн спорт таван төрөлтэй. Тулаан, эргэлттэй өшиглөлт,
онцгой чадвар гэсэн төрлүүдийг Завхан аймагт илүү хөгжүүлэхээр тамирчдаа
бэлтгэдэг гэж тэрээр ярилаа.
Таеквондогийн спортоор бүх насныхан хичээллэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 760 гаруй хүүхэд, залуус идэвхтэй хичээллэж байна.
"Цэцэн шонхор" клубийг үүсгэн байгуулагч, таеквондогийн дэлхийн, Ази тивийн хошой аварга тамирчин С.Будхүү
шавь нарынхаа амжилтаар бахархаж буй мөч