АН-ын бүлэг Засгийн газрыг унагахгүйн төлөө ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-12 14:27:27

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа Төрийн ордонд хийлээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар сэтгүүлчдэд мэдээлэв.

Энэ үеэр бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, “Засгийн газрыг унагахгүй төлөө АН-ын бүлэг ажиллана” гэж мэдэгдлээ. Түүнчлэн “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нэрээ татсан. Байнгын хорооны даргын тухайд гаргасан бүлгийн шийдвэр хүчин төгөлдөр гэж ойлгож болно” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлэг Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбат гишүүний нэрийг дэвшүүлсэн шийдвэрээ өөрчлөхгүй хэмээв.

Үүний зэрэгцээ Өршөөлийн үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хүрээнд тус бүлэг ямар байр суурьтай байгааг сэтгүүлчид лавлахад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, “Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авсан. Хуулиараа бол Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж оруулж ирэх ёстой. Энэ хүрээнд тус байнгын хороо ажлын хэсэг байгуулсан ч ажлын хэсгийн санал Хууль зүйн байнгын хорооны түвшинд унасан. Дараагаар Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн тавьсан 11 зүйл заалт бүрээр санал хураалгасан. Эдгээр 11 зүйл заалтаас 6 нь дэмжигдсэн. АН-ын бүлэг авлигатай тэмцэх тухайд хатуу байр суурьтай байгаа. Дэмжигдээгүй зүйл заалт бүр дээр чуулганы хуралдаанаас шийдвэр гарна" гэлээ.

Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, "АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүрэн дүүрэн дэмжиж хүлээж авсан. Авлигачдыг хаацайлсан ямар нэгэн хуулийг тус бүлэг гаргахгүй. Хууль зүйн байнгын хороон дээр энэ асуудлыг одоо ярихгүй. Шууд УИХ-ын хуралдаанд яригдана" гэсэн тайлбар өглөө.

Бүлгээр хэлэлцсэн асуудлын тухайд Б.Гарамгайбаатар дарга, “Хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Мөн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх хэлэлцэх эсэх шатны мэдээллийг сонслоо. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Хилийн тухай, Хилийн боомтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай болон Малын генетик нөөцийн тухай, Хог хаягдлын тухай  хуулийн төслийг хэлэлцээд дэмжих нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн” хэмээн мэдээлсэн юм.

Б.Туул

関連ニュース