Монгол бичгээр сайхан бичих уралдаанд 10 гаруй сумын сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-08 15:33:01
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нийтийн номын сан Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол бичгээр сайхан бичих болон хурдан унших уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зохион явуулжээ.
Үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлын нандин өв болсон “Монгол бичиг”-ийг сурталчлах, монгол хэл, бичиг, өв соёл ёс заншлаа хойч үедээ өвлүүлэх, дээдлэн хадгалах зорилгоор тус уралдааныг дөрөв дэх жилдээ зохион явуулж буй аж. Энэ жилийн хувьд Хонгор нутгийн унаган хүү, зохиолч яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жил ой болж байгаатай холбогдуулан “Миний мэдэх Ч.Лхамсүрэн” сэдвийн дор ЕБС-ийн сурагчид өөрсдийн оюун ухаанаараа сэтгэн төсөөлөн, яруу сайхан бичих чадвараараа өрсөлдсөн байна.
Тэмцээнд 10 сум, аймгийн төвийн Ерөнхий бололвсролын таван сургуулийн сурагчид оролцсоноос Тэргүүн байрт Баянцагаан сумын 12 жилийн 11Б ангийн сурагч О.Ринчиндугар, дэд байрт Бууцагаан сумын Буянт-Эрдэм сургуулийн 12А ангийн сурагч Б.Бямбажав, Гутгаар байрт Соого Сейкео сургуулийн 12Б ангийн сурагч Г.Биндэръяа нар шалгарч тус бүр өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлээр шагнуулжээ.
Уралдаан улирагч сарын 20-ноос энэ сарын 2-ныг хүртэлх хугацаанд зарлагдсан бөгөөд улирагч долоо хоногт ийнхүү дүнгээ гаргасан бөгөөд уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгосон байна.
Хурдан уншлагын уралдааны хувьд өмнөх жилүүдэд 6, 7 дугаар ангийн сурагчид хамрагддаг байсан энэ жил 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зохион явуулжээ. Урд жилүүдэд 6, 7, 8 дугаар ангийнхан 40-50 үг л уншдаг байсан бол энэ жил ихэнхдээ 70-аас дээш, тэргүүлсэн сурагчдын хувьд 100 гаруй үг уншиж байгаа нь өмнөх жилүүдээс хүүхдүүдийн унших түвшин, идэвх оролцоо харьцангуй сайжирсныг Нийтийн номын сангийнхан онцолж байв.
Хурдан уншлагын уралдаанд оролцсон сурагчдаас 7-8 дугаар ангийн ангилалд Номгон ахлах сургуулийн 8в ангийн сурагч н.Номин эрдэнэ тэргүүлж, Эрдэм ахлах сургуулийн 8в ангийн сурагч Б.Сумьяабазар, Эрдэм ахлах 8в ангийн сурагч Б.Хүрэлтулга удаалжээ. Харин  9-12 дугаар ангийн ангилалд Номундалай ахлах сургуулийн 11ё ангийн сурагч Ө.Долгормаа түрүүлж, 11в ангийн сурагч Б.Бямбажаргал дэд байр эзэлсэн бол 12з ангийн сурагч Ө. Долгорсүрэн гутгаар байрт шалгарсан байна.
                                                                                                                                                                  Б.Мөнхзул
関連ニュース