Малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах төслийн үр шимийг 2000 гаруй хүн хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-18 15:05:26
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжрулах нь төсөл” Сүхбаатар аймгийн таван суманд амжилттай хэрэгжиж, төслийг албан ёсоор хаалаа. Хаалтын үйл ажиллагаанд Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Мицуаки Тоёода болон аймгийн засаг дарга З.Энхтөр нар оролцож төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2000 гаруй хүн дээрх төслийн үр шимийг хүртжээ. 
Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөр, Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилттэйгээр Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлсэн “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг Сүхбаатар аймгийн таван сум буюу Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр, Уулбаян, Мөнххаан сумдад 2012-2017 оны хооронд хэрэгжүүллээ. Төслийн үр дүнд таван сумдын зорилтот бүлгийн хүүхдүүдийн болосвролын тулгамдсан асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэж, төсөл хэрэгжсэн хугацаанд СӨБ-ын хамран сургалтын хүртээмж 13,7 хувиар, бага боловсролын чанар дунджаар 21,8 хувиар нэмэгдэж, сургууль завсардсан 103 хүүхдэд бага боловсролыг ажмилттай нөхөн олгосон байна.
Мөн төслийн хүрээнд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, өөрөөр хэлбэл малчдын 2-5 настай 494 хүүхдийг тус хөтөлбөрөөр дамжуулан эцэг эхтэй нь хамтран СӨБ олгож сургуульд орох бэлтгэлийг хангасан байна. Мөн дотуур байранд болон айлд амьдардаг 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг хөгжүүлэх хөгжлийн танхимыг таван сумын дотуур байруудад байгуулсан, албан бус болосвролын багш нарыг чадавхжуулах сургалтыг удаа дараа зохион байгуулсан, ахмад багш нараар удирдуулсан зөвлөлийг сум, сургууль тус бүр дээр байгуулсан гээд төсөл бүхэлдээ амжилттай хэрэгжсэнийг талууд онцоллоо. Ялангуяа боловсролын салбарт олон жил ажилласан дадлага туршлагатай ахмад багш нараар ахлуулсан зөвлөлийн багийн үйл ажиллагааг илүү цохон тэмдэглэж байсан юм.
“Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж, малчдын хүүхдүүдийн ирээдүйд хөрөнг өоруулахад хамтран ажилласан хандивлагч байгууллагууд, иргэд олон нийтийн дэмжлэг оролцоо маш их чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн биднийг дэмжиж хамтран ажилласан аймаг орон нутгийн удирдлагууд, чин сэтгэлээсээ хичээн ажилласан аймгийн Боловсрол соёл урлагийн газрын хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье...” хэмээн ЯХИС-ийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Мицуаки Тоёода хэллээ.
Харин аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа цаашид ЯХИС-тай илүү өргөн хүрээнл хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж бйасан юм.
Төслийн үр шимийг хүртэгчид нь Сүхбаатар аймгийн 2000 гаруй иргэн бөгөөд таван жилийн хугацаанд ЯХИС-аас төсөл хэрэгжигч сумдад зөвхөн бэлнээр өгсөн хэрэглэгдэхүүн нь гэхэд 100 гаруй сая төгрөг болжээ.
Дээрх төсөл нь Монгол Улсын дөрвөн аймгийн гучин суманд хэрэгжсэн билээ.
Т. Одончимэг 
関連ニュース