Хөшөө дурсгалд засвар хийх төсөв байдаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-08 14:15:55
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 70 жилийн ойг угтаж хийсэн бүтээн байгуулалтын ажлуудын нэг бол аймгийн төв доторх хөшөө дурсгалууд. Зам дагуу, замын уулзварууд дунд, хөдөө сумдын гарах замд гээд арваад газарт хэд хэдэн төрлийн хөшөө босгосон. Гэвч харамсалтай нь зарим хөшөөнүүд эвдэрч, муудан жинхэнэ дүр нь мэдэгдэхгүй болжээ. Үүний нэг жишээ бол зурган дээрх зээрийн хөшөө юм. Уг хөшөөг 2014 онд, аймгийн төвөөс Асгат сум гарах замд байрлуулсан байдаг. Гэтэл хөшөөнүүдийн эвэр, сүүлийг хугачиж, ямар амьтан гэдгийг нь тааж хэлэхэд бэрх болгожээ. Харин эвдэрч муудсан хөшөө дурсгалыг засварлах төсөв гэж аймагт байдаггүй юм байна.
“Энэ жил Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын журамд өөрчлөлт орж, хэд хэдэн заалт шинээр нэмэгдсэн. Үүний дагуу эдгээр хөшөө дурсгалыг тухайн байгууллагын мэдэлд шүлжүүлсэн. Тэгэхээр хөшөөнүүдийг арчилж, хариуцах эзэнтэй болсон гэсэн үг. Гэхдээ эвдэрч, элэгдэж муудсан хөшөө дурсгалыг засч янзлах хөрөнгө мөнгө гэж энэ жилийн төсөвт юу ч тусгагдаагүй.  Хариуцагч байгууллага ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах байх...” хэмээн аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж. Батсуурь хэллээ.
Харин энэ талаар Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Б.Мөнхгэрэлээс тодруулахад “Хөшөө дурсгалд засвар үйлчилгээ хийх боломж байхгүй. Түүнд батлагдсан төсөв ч гэж байдаггүй. Гэхдээ удахгүй үндэсний баяр наадам болох учир аймаг орон нутгийнхаа өнгө үзэмжинд анхаарах болно. Энэ жилийн хувьд хөшөөнүүдийг угааж цэвэрлэх, өнгийг нь сэргээх ажлыг л хийх байх... ” гэсэн юм.
Шинээр баригдсан хөшөө дурсгалд нийт нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан байдаг бол дээрх зээрийн хөшөөг л гэхэд 75 сая төгрөгөөр бүтээлгэж байсан юм.  
Т. Одончимэг 
関連ニュース