Өвөрмонголд болсон "Морьтон заяа" тэмцээнд Архангайн адуучин тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-20 17:15:10
Архангай /МОНЦАМЭ/. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Өвөрмонголын Одон телевизээс санаачлан зохион байгуулсан хоёр улсын аварга адуучин шалгаруулах "Морьтон заяа" тэмцээнд Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн адуучин Мэндсайханы Цулбаатар түрүүлжээ.

ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ганцмод балгасын Дэрс гацаанд зохион байгуулсан энэхүү тэмцээнд Монгол Улсаас таван адуучин, Өвөрмонгол орноос таван адуучин тус тус оролцсон бөгөөд 10 адуучинг таван багт хувааж, нэг багт Монгол Улсын нэг адуучин Өвөрмонголын нэг адуучин орсон байна.

Эдгээр 10 адуучин 13 хоногийн турш эд хав, авхаалж самбаа, оюун ухаан, авъяас чадвараа сорин өрсөлдөж ялагчаа тодруулжээ. Тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн алдарт уяач Анхбаатар, Хашаат сумын харьяат Монгол Улсын аварга адуучин Ууганбаатар, Өгийнуур сумын адуучин Дэмбэрэлдорж, Батцэнгэл сумын адуучин Цулбаатар, Отгонбаяр нар оролцсон байна.

Багийн дүнгээр 1-р байрт нэгдүгээр багийн адуучин Цулбаатар, Булаг нар, харин хувийн дүнгээр 1-р байрт Батцэнгэл сумын адуучин М.Цулбаатар шалгарчээ. Ийнхүү Архангай аймгийн залуу адуучин М.Цулбаатар багийн дүнгээр болон хувийн дүнгээр аль алинд нь тэргүүлж, "Морьтон заяа" тэмцээний шилдгийн шилдэг адуучин болсон байна.
Тэмцээний шагнал гардуулах ёслолд Одон телевизийн "Морин эрдэнэ" дэлгэцийн урилгаар Архангай аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн, Монгол Улсын начин, Тод манлай уяач Ц.Дуламсүрэн, ААМСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж, ААМСУХ-ны тэргүүлэгч, аймгийн мал эмнэлгийн албаны дарга С.Ганбат нар оролцжээ.
 
Б.Гэрэлт-Од
関連ニュース