Уламжлалтын эмч сувилагч нар Хөлөнбуйр хотод туршлага судлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-15 16:47:18
Сүхбаатар \МОНЦАМЭ\. Сүхбаатар аймаг, БНХАУ-ын Хөлөнбуйр аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн уламжлалт эмчилгээний эмч сувилагч, эрүүл мэндийн газрын зарим мэргэжилтэн, сумдын эрүүл мэндийн төвийн физик эмчилгээний эмч сувилагч нарыг Хөлөнбуйр хотын Монгол эмчилгээний эмнэлэгт уламжлалт анагаах ухааны чиглэлээр сургалтад хамруулж байна.

Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх ажилд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийг дотоод болон гадаадад мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах сургалтанд шат дараатайгаар хамруулах гэж тусгасан байдаг. Үүний дагуу дээрх эмч мэргэжилтнүүдийг сургаж байгаа нь энэ юм. Эмч мэргэжилтнүүд Монгол эмчилгээний эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч нарын арга туршлагаас суралцаж байгаа аж.  

Тус аймагт 300 ортой уламжлтын эмнэлэг баригдаж байгаа ч одоогоор санхүүгээс шалтгаалан зогсонги байдалтай байгаа. Аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж ашиглалтанд оруулах талаар бүхий л арга замыг эрэлхийлж байгаа тухай хэлсэн.  Тиймээс эмнэлэг ашиглалтанд орохоос өмнө ийнхүү эмч мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэлжээ.

Сургалт 09 дүгээр сарын 14-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Т. Одончимэг 
関連ニュース