"3+3" бүс нутгийн хамтын ажиллагааны уулзалт Улаанхад хотод болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-19 17:22:59
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зүүн бүсийн гурван аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Туньляо, Улаанхад, Шилийн гол аймаг хоорондын “3+3” бүс нутгийн хамтын ажиллагааны гурав дахь удаагийн уулзалт энэ сарын 22-ноос 24-ний хооронд болно. Тус уулзалтад Сүхбаатар аймгаас Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлстийн дарга У.Амарзаяа, Хууль эрхзүйн хэлтсийн дарга О.Одхүү нараар ахлуулсан төлөөлөгчид оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Сүхбаатар аймгийн төр захиргааны байгууллагаас хөрш улстайгаа хийх хамтын ажиллагааг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд улам өргөжүүлэх зорилгоор харилцан тогтмол айлчлах, хамтын итгэлтэй байх зарчмыг баримтлан ажиллаж байгаа. Үүнийхээ хүрээнд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар нийгмийн бүхий л салбарт хэрхэн хамтран ажиллах боломж байгааг тодорхойлсон байдаг. Энэ талаар өмнө нь Сүхбаатар аймагт болсон Шилийн гол аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр яригдаж байсан гол асуудлууд болох усан бассейн, Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн паркын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хэрхэн хамтрах талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлгийг уулзалтын үеэр хийнэ. Цаашлаад боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, аж үйлдвэрийн салбарын нөхцөл байдлыг танилцуулж тулгарч буй саад бэрхшээлгийг хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх боломжтой эсэх талаар хэлэлцэх аж. Улмаар эдгээр хэлэлцүүлгийн дараа хамтран ажиллах гэрээ байгуулагдах юм. Харин тус гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа аймаг хотын удирдлагуудын хооронд тусдаа болох юм байна.

“3+3” бүс нутгийн хамтын ажиллагааны гурав дахь удаагийн уулзалтын үеэр зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар аймгаас оролцох аж ахуйн нэгжийн төлөөллүүд, туршлага судлах бизнес эрхлэгчид Улаанхад хотыг зорьсон бол орон нутгийн удирдлага болон бусад оролцогчид маргааш буюу 09 дүгээр сарын 20-нд замдаа гарна.
Т. Одончимэг
 
 
関連ニュース