“Сүхбаатарт үйлдвэрлэв” цэг нээгдсэнээс хойш 1,2 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-31 18:56:52
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/ХХҮГ/-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авсан болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах зорилго бүхий “Сүхбаатарт үйлдвэрлэв” борлуулалтын цэгийг сар орчмын өмнө Баруун-Урт хотод нээсэн юм. Одоогоор тус цэгээр иргэдийн 1,2 сая төгрөгийн бараа борлогджээ.

“Сүхбаатарт үйлдвэрлэв” борлуулалтын цэгт мод, шүр, төмөр эдлэл, арьс шир, гар урлал, оёмол бүтээгдэхүүн, сүү цагаан идээ гээд 34 үйлдвэрлэл эрхлэгчийн арав гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна.

“Үйлдвэрлэл эрхлэгчид маань манай худалдагчид бүртгүүлээд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ дэлгүүрт тавьдаг. Бид иргэдээс ямар нэгэн шимтгэл авдаггүй. Зарагдсан тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийг дуудаад өдөр өдөрт нь орлогыг нь өгчихдөг. Борлуулалтын цэгт маань нийт 129,5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн байна, одоогоор нээгдсэнээс хойш одоогоор 1,2 сая төгрөгийн борлуулалт хийгээд байна. Ер нь иргэд орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэх, сонгохыг илүүд үзэх болсон нь илт харагдаж байгаа. Мөн энэ цэгийг нээснээр бид зорилтот бүлгийн нэр иргэнийг тогтмол ажлын байраар хангаад байгаа...” хэмээн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Я.Отгон хэллээ.

Тус аймгийн Мөнххаан, Баяндэлгэр, Түмэнцогт суманд ийм борлуулалтын цэг байдаг. Цаашид аймгийн ХХҮГ-аас бүх сумдадаа ийм төрлийн борлуулалтын цэг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
Т. Одончимэг
関連ニュース