Жилд 1000-аад золбин нохой устгадаг ч улам ихэссээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-22 11:22:14
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Орон нутгийн хөгжлийн сангаас нохой устгалд 1,5 сая төгрөг зарцуулаад байна. 10, 11 сард 200 гаруй нохой устгаад байгаа ч айл өрхүүд охин нохой тэжээж гарсан гөлгийг нь хаях, хөдөөнөөс сумын төв дээр гөлөг авчирч төөрүүлэх зэргээс шалтгаалж золбин нохойны тоо буурахгүй байгаа аж.
Мөн Арвайхээр сум 8000 өрх айлтайгаас 2000 айл нь нохой тэжээдэг гэх судалгаа бий. Жилд 800-1000 нохой устгадаг ч золбин нохойны тоо улам ихэссээр байна. “Нохойг хонь мал шиг хөтөлж авчраад нядалчихдагүй учраас устгал хийхэд бэрхшээл их байна. Буу сумны төсөв хөрөнгө хүрэхгүй, нохой алах анчин ч олдохгүй байна. Үнэндээ устгаад устгаад золбин нохойгоо хүч хүрэхгүй байна” хэмээн Арвайхээр ТҮГ-ын дарга Д.Сүх-Өлзий хэллээ.
Нохойг өдрийн цагаар буюу 07:00-24:00 цагийн хооронд уяж хэвших, хаалга, хашаандаа анхааруулсан таних тэмдэг байршуулах, мал эмнэлэгт бүртгүүлэх, тогтмол вакцинд хамруулах, зохих хамгаалалт буюу хошуувч, хүзүүвчтэй байлгах, нохойн татвар хураамжаа төлөх, аль болох охин нохой тэжээхгүй байхыг ард иргэдэд ямагт уриалж зөвлөдөг ч хэрэгжүүлдэг айл өрх ховор гэнэ.
Б.Батчимэг
関連ニュース