Иракийн эрх баригчид Оросоос тусламж хүсэх бодолгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-19 11:53:32

ТЕГЕРАН. /TASS/. Одоогийн байдлаар Иракийн эрх баригчид “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаарын цохилт өгөхөд ОХУ-аас тусламж хүсэх бодолгүй байна. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Фауд Маасум Ираны Мехр агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Одоогийн нөхцөл байдалд Сирид өгч байгаатай адил “Лалын улс”-ын террористуудын байрлалд агаараас цохилт өгөхийг Ирак ОХУ-аас хүснэ гэж би бодохгүй байна. Сири, Орос хоёр эвсэл болж нэгдсэн бөгөөд энэ нь Сири дэх террористуудын объектуудад цохилт өгөх боломжийг Москвад олгож байгаа юм. Харин Багдад Дамаск шиг Москватай ойр дотно харилцаагүй учир Ирак дахь нөхцөл байдал эрс ялгаатай” гэж Фауд Маасум хэлсэн байна.

“Харин Багдад, Тегераны аюулгүй байдлыг хангахад хамтран авч байгаа зарим арга хэмжээ нь “Лалын улс”-ын террористууд Мосул хотыг эзлэн авснаас хойш Иран улс Иракт маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг дурдах боломж олгож байгаа юм” гэж Иракийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

関連ニュース