Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө түр зогсоож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-23 15:24:08

ТОКИО. /Yonhap/. Умард Солонгосын эрх баригчид ирэх оны тавдугаар сард болох Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлын үеэр цөмийн хөтөлбөрөө түр зогсоох тухай мэдэгдэж магадгүй гэж Сөүлийн үндэстнээ нэгтгэх асуудлыг судалдаг хүрээлэнгийн шинжээч Пак Хён Жун урьдчилан таамаглаж байна.

“Умард Солонгосын эрх баригчид Солонгосын Хөдөлмөрийн намын долдугаар их хурлыг тохиолдуулан хөрш орнуудтайгаа энх тайвнаар зэрэгцэн оршиж, дипломат харилцаатай байхад чиглэсэн, мөн одоо байгаа цөмийн зэвсгээ хэвээр хадгалж, цөмийн хөтөлбөрөө түр зогсоох тухай тусгасан зөөлөн бодлого баримтлахаа зарлаж магадгүй” гэж Пак Хён Жун  тайландаа дурджээ.

Шинжээчийн үзэж буйгаар, намын их хурлын үеэр АНУ болон Умард Солонгосын хооронд Солонгосын хойгийн энх тайван байдлыг дэмжих хамтарсан механизмыг бий болгохыг тус улсын одоогийн удирдагч Ким Жөн Ун шаардаж магадгүй. Тэрбээр АНУ болон Өмнөд Солонгосыг өөртөө татахын тулд цөмийн хөтөлбөрөө түр зогсоохыг Пхеньянд санал болгосон байх магадлалтай.

Нутаг дэвсгэрт нь АНУ-ын ивээл дор зэвсгийн плутон гарган авах бараг боломжгүй хөнгөн усны хоёр реакторт тулгуурлан орчин үеийн атомын цахилгаан станц барьсны хариуд Умард Солонгос 1994 онд цөмийн хөтөлбөрөө зогсоож байв. Америкийн Засгийн газар дахин солигдсоноор Умард Солонгосыг чиглэсэн Вашингтоны бодлого өөрчлөгдөж, 2003  онд уг төслийг зогсоосон байна. Иракийн дайн болж байх үеэр Умард Солонгосын эрх баригчид АНУ-ын түрэмгийллийн объект болж болзошгүй хэмээн болгоомжилж эхэлсэн бөгөөд Пхеньян хотоос хойш 100 км зайд оршдог Йонбён цогцолборт түр зогсоосон байсан реакторт цөмийн зэвсэг нууцаар бүтээж эхэлжээ.

2003 оны наймдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотод Орос, АНУ, Хятад, Умард Солонгос, Япон болон Өмнөд Солонгосын хооронд зургаан талын хэлэлцээ эхэлсэн байна. Тэд хүсч байсан үр дүнд хүрч чадаагүй бөгөөд Пхеньяны эрх баригчид зөвхөн цөмийн зэвсэг бүтээгээд зогсохгүй 2006, 2009, 2013 онд гурван ч удаа газар дор туршсан билээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Умард Солонгост хэд хэдэн удаа хориг арга хэмжээ авсан боловч Пхеньяны цөмийн хөтөлбөрийг зогсоож чадаагүй бөгөөд тус улсын эрх баригчид одоо ч уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

2016 оны тавдугаар сард Умард Солонгосын нийслэлд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг сүүлийн 36 жилд анх удаа зохион байгуулахаар товлосон байна.

Д.Жаргал

 

関連ニュース