Афганистан: Олон улсын эвслийн цэрэг гарснаас хойших нэг жилийн байдал

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-08 11:44:31

КАБУЛ. /TASS/. Афганистаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх Олон улсын эвслийн ажиллагаа дууссаны ёслолын арга хэмжээ яг нэг жилийн өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 8-нд болсон билээ. Уг ажиллагаа 13 жил үргэлжилсэн юм.

Олон улсын эвслийн гол хүчийг гаргасны дараа Афганистанд байдал хурцадсан. Ялангуяа хойд болон зүүн мужуудын байдал улам хурцдаж, бүс нутагт хяналтаа тогтоохын төлөө “Талибан” хөдөлгөөнтэй өрсөлдөж байгаа террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчид байрлалаа бэхжүүлжээ. Афганистаны эрх баригчид олон улсын дэмжлэггүйгээр босогчдыг эсэргүүцэж чадахгүй байгаа юм.

"ISAF"

Афганистаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх Олон улсын эвслийг /International Security Assistance Force in Afghanistan, "ISAF"/ 2001 оны 12 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн дагуу байгуулжээ. 2001-2014 онд "ISAF"-ийн бүрэлдэхүүнд дэлхийн 50 орны болон НАТО-гийн гишүүн 28 орны, мөн НАТО-гийн түнш орнууд болох 22 орны цэргийн анги нэгтгэл багтаж байв.

Эвслийн цэргийн тоо хамгийн дээд тал нь 140 мянгад хүрч байжээ.  Афганистаны төв Засгийн газрын эрх мэдлийг өргөжүүлж, бэхжүүлэхэд, аюулгүй байдлыг хангахад болон хууль журмыг даган мөрдөх нөхцөлийг бүрдүүлэхэд тус улсын эрх баригчдад дэмжлэг үзүүлэхийг Олон улсын эвсэл гол зорилгоо болгон зарласан юм. "ISAF" нь Афганистанд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулахад, мөн үндэсний арми байгуулахад болон аюулаас хамгаалах байгууллагуудыг шинэчлэхэд нь тус улсын Засгийн газарт тусалжээ. Афганистаны нутаг дэвсгэрийг эвслийн хүчин 2013 оны зургадугаар сард тус улсын арми болон аюулгүй байдлын албаны хяналтад шилжүүлэн өгсөн бөгөөд эвслийн ажиллагаа 2014 оны 12 дугаар сард дууссан билээ.

Гадаадын бусад ажиллагаа

"ISAF"-ийн цэргүүдийг гаргасны дараа АНУ тус улсад 9800 цэргээ үлдээсэн билээ. Ийм тооны цэргийг 2016 он дуустал үлдээж, харин дараа нь Баграм, Желалабад болон Кандагар дахь баазад цэргүүдийнхээ тоог 5500 хүргэж цөөлөх шийдвэр гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ оны 10 дугаар сард  мэдэгджээ.

Афганистаны аюулгүй байдлын хүчнийг сургаж бэлтгэх, зэвсэг, техник нийлүүлэх, мөн “Аль-Каида” бүлэглэлийн босогчидтой тэмцэх ажиллагаа явуулах нь Америкийн цэргүүдийн гол даалгавар юм.

Үүнээс гадна, НАТО болон Афганистаны хооронд 2014 оны есдүгээр сард гарын үсэг зурсан гэрээний дагуу “Шийдэмгий дэмжлэг” цэргийн бус ажиллагааг НАТО тус улсад 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн явуулж байгаа билээ. Уг ажиллагааны гол зорилго нь Афганистаны аюулгүй албаны ажилтнууд, цэрэг, армийг сургаж бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх юм. Энэ ажиллагааг 2016 он дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргасныг энэ сарын 2-нд болсон НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хуралдааны үеэр мэдэгджээ. Умард Атлантын эвсэл мөн Афганистаны хууль сахиулах байгууллагуудыг 2020 хүртэл санхүүжүүлэх аж.

"Талибан"

НАТО-гийн цэргийн ажиллагаа дууссаны дараа 40 мянга орчим босогчтой хэт давруу үзэлтэй лалын шашинтнуудын “Талибан” хөдөлгөөн улс орны байдал хурцадсантай холбоотойгоор нөлөөгөө өргөжүүлэх боломжтой болжээ.

Афганистаны эрх баригчид уг хөдөлгөөний аядуу үзэлтэй босогчдыг улс төрийн үйл явцад нэгтгэх оролдлого хийсэн юм. Тус улсын Засгийн газар болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн хооронд Хятад, Пакистаны зуучлалтайгаар, мөн АНУ-ын дэмжлэгтэйгээр 2015 оны зун хоёр үе шаттай хэлэлцээ хийсэн байна. Гэвч “Талибан” хөдөлгөөнийг 1996 оноос хойш толгойлж байсан мулла Омар амиа алдсан нь 2015 оны долдугаар сард тодорхой болсны дараа хэлэлцээний үйл явц гацаанд оржээ. Улс оронд энх тайван байдал тогтоох нөхцөл бол Афганистанаас гадаадын бүх цэргийг гаргах юм гэж талибуудын шинэ толгойлогч Ахтар Мохаммад Мансур мэдэгдээд  аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай АНУ-тай байгуулсан гэрээгээ цуцлахыг эрх баригчдад уриалсан байна.

Энэ оны есдүгээр сард талибууд Кундуз хотыг эзлэн авсан билээ. 300 мянга гаруй хүн амтай мужийн засаг захиргааны төвийг эзлэн авсан нь “Талибан” хөдөлгөөний 2001 оноос хойших хамгийн том амжилт болжээ. Хэд хоногийн дараа Афганистаны Засгийн газрын цэргүүд АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр Кундуз хотыг босогчдоос чөлөөлсөн юм. Гэхдээ ийм том хот талибуудад эзлэгдсэн нь Афганистаны Засгийн газрын цэргүүд улс орныхоо аюулгүй байдлыг бие даан хангах чадваргүйг харуулсан нотолгоо болсон байна.

“Лалын улс”

Ойрхи Дорнодод халифт улс байгуулснаа 2014 оны зургадугаар сард зарласан террорист “Лалын улс” бүлэглэлийн өсөн нэмэгдэж буй нөлөө байдлыг улам дордуулж байна.

Афганистан, Пакистан, Энэтхэг болон Бангладеш улс бүрэлдэхүүнд нь орсон Хорасаны Эмирт Улс байгуулснаа “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчид энэ оны нэгдүгээр сард мэдэгдэж, эмирээр нь “Талибан” хөдөлгөөний Пакистан дахь толгойлогчдын нэг болох Хафиз Саиид Хан гэгчийг томилжээ. Тус хөдөлгөөний хээрийн олон командлагч болон босогчид “Лалын улс”-д үнэнч тангараг өргөсөн боловч энэ хоёр бүлэглэлийн хоорондын харилцаа ерөнхийдөө хурцадмал хэвээр байна.

НҮБ-ын 2015 оны есдүгээр сарын байдлаарх мэдээллээс үзвэл, “Лалын улс”-ын босогчид Афганистаны 34 мужийн 25-д нь үйл ажиллагаагаа явуулжээ.  "Лалын улс"-ын босогчид Афганистаны зүүн нутагт Желалабад хотын ойролцоо томоохон газар нутгийг эзлэн авсан тухай мэдээлэл хэвлэлүүдэд энэ сард гарчээ. Тус бүлэглэл "Талибан" хөдөлгөөний босогчдын дунд удирдлага нь солигдсонтой холбоотойгоор үүссэн хагарлыг ашиглан Афганистанд бэхжих боломж байгааг шинжээчид тэмдэглэж байна.

Амь үрэгдэгсэд

2015 оны зургаан сарын байдлаар 1592 энгийн иргэн амиа алдаж, 3329 хүн шархадсан нь 2014 оны мөн үеийнхтэй харьцуулахад 1 хувиар өссөн үзүүлэлт болох тухай НҮБ-ын Афганистан дахь ажиллагааны багийн тайланд дурдсан байна. Амиа алдсан эмэгтэйчүүдийн тоо 23 хувиар өссөн бол хүүхдүүдийнх 13 хувиар өсчээ. Үүний зэрэгцээ Засгийн газрын явуулсан ажиллагааны улмаас амиа алдагсдын тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад 60 хувиар өссөн байна.

2007 онд мөргөлдөөн эхэлснээс хойш бүртгэгдсэнээс илүү олон энгийн иргэн 2015 оны эхний найман сард амиа алджээ. Энгийн иргэдийн амиа алдаж байгаагийн гол шалтгаан нь хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа болж байгаа аж.

Үүнээс гадна, аюулгүй байдлын салбарт байдал хурцадсан нь дүрвэгсдийн тоо нэмэгдэхэд хүргэжээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын мэдээлснээр, он гарснаас хойш 146 мянга гаруй хүн Афганистаныг орхин гарчээ.

Афганистаны арми сард 500 орчим хүнээ алдаж байна гэж шинжээчид мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

関連ニュース