Аймгийн дарга мод үрсэлгээний компаниудын ажилтай танилцлаа
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг болох эрхэм
зорилгыг тавиад байгаа. Монгол Улсын мод үржүүлгийн цөм цэг Сэлэнгэ аймагт бий.
Улсын хэмжээний 9 сая суулгацын 8 сая нь дангаараа тус аймагт байгаа аж. Мод
үржүүлгийн гол бааз Ерөө сумын Бугант тосгон. Мөн Мандал, Түнхэл, Алтанбулаг,
Шаамар, Хүдэр гээд ойн сан бүхий газар нутагт мод үржүүлгийн чиглэлээр үйл
ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд олон байдаг
юм. Энэ утгаараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж мод үржүүлгийн гол
бүс Бугант тосгоныг зорьж, нийлүүлэгч аймаг болоход тухайн үйлдвэрлэгч бүсэд
тулгарч байгаа саад бэрхшээл юу байгааг, хэрхэн шийдвэрлэж болохыг
үйлдвэрлэгчидтэй харилцан ярилцаж, бодит байдалтай газар дээр нь танилцлаа. Уулзалтанд
аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс, Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн, Бугант
тосгоны захирагч Д.Эрдэнэбулган, Ерөө бүсийн сум дундын ойн анги, Бугант
тосгонд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 14 мэргэжлийн
байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцлоо. Уулзалтын дараа аймгийн дарга мод
үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн байгууллага, аж ахуйн
нэгжүүд болон сум дундын ойн анги, нөхөрлөлүүдээр орж бодит байдалтай
танилцлаа.
977 өдөр