Нийслэлд хэрэгжүүлэх 14 төслөөр иргэдээс санал авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-10 14:54:44

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ сарын 12-13-нд “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг анх удаа зохион байгуулах болсон. Энэ талаар өнөөдөр Зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хорооны гишүүд мэдээлэл хийлээ.

Зөвлөлдөх санал асуулгад нийслэлийн 400 иргэн оролцох бөгөөд эдгээр иргэдийг хөндлөнгийн судалгааны байгууллага улс төрийн намаас хараат бусаар нийслэлийн 9 дүүргээс сонгожээ.

Санал асуулгаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасаг урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулж, аль төслийг нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх талаар иргэдийн саналыг авах юм.

Танилцуулах 14 төсөлд Улаанбаатар метро,  Туул усан сан цогцолбор,  Туулын хурдны зам,  Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах,  Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах зэрэг хөтөлбөр багтжээ.

Зөвлөлдөх санал асуулгыг анх Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс Фишкин санаачилсан бөгөөд нийт 23 орны 40 гаруй хотод амжилттай зохион байгуулжээ. Уг арга хэмжээг зохион байгуулснаар иргэд төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд санал хүргүүлэх боломжийг бүрдүүлдэг байна. Тиймээс уг санал асуулгыг зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутаг, улсын хэмжээнд ч зохион байгуулах боломжтой гэдгийг Профессор Жэймс Фишкин хэллээ.

Зөвлөх хороо нь Ерөнхий сайд асан Д.Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц,  “Монфэмнэт Үндэсний сүлжээ” ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд санал асуулгын явцад хяналт тавьж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ