Ливид нэгдсэн засгийн газар байгуулах саналыг дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-14 13:35:16

РОМ. /TASS/. Ливид үндэсний нэгдмэл засгийн газар байгуулах тухай хэлэлцээрийг 17 орон болон ЕХ, Африкийн Холбоо, Арабын улсуудын холбоо зэрэг гурван байгууллага дэмжсэн гэж Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жентилони Ливийн асуудлаарх олон улсын бага хурлын дараа мэдэгджээ.

"Өнөөдрийн уулзалт их чухал бөгөөд нааштай болсон. Баримт бичгийг санал нэгтэйгээр баталлаа. Ливид нэгдсэн засгийн газар байгуулах болон энэ сарын 16-нд мөргөлдөөнд оролцогч талуудын байгуулахаар төлөвлөсөн гэрээ зэрэг гол хоёр асуудлыг уулзалтад оролцогчид дэмжиж, Ливид бүх талын дэмжлэг, тэр дундаа, эдийн засгийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн" гэж тэрбээр мэдэгджээ.

Уг уулзалтад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон /Их Британи, БНХАУ, ОХУ, АНУ, Франц/, Тунис, Турк, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Алжир, Морокко, Иордан, Испанийн төлөөлөгчид болон Европын гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини, Ливийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Мартив Коблер оролцсон байна. Уг уулзалтыг Итали санаачилж, НҮБ дэмжсэнээр зохион байгуулжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ