160 мянган дүрвэгчийг хүлээж авахыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-10 10:50:46

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Ойрхи Дорнод болон Африкийн дайн болон хавчлагаас дүрвэсэн 160 мянган дүрвэгч болон цагаачийг хүлээж авахыг Европын Холбооны /ЕХ/ гишүүн улсуудад Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер санал болголоо.

Тэрбээр өчигдөр Европын Парламентад үг хэлэхдээ дүрвэгчдийн хямралыг ЕХ-нд тулгарч буй “хамгийн том сорилт” гэж тодорхойлсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтдаа дорвитой арга хэмжээ авах цаг болсон байна гэж тэрбээр хэлжээ.

Итали болон Грект очсон сири хүмүүс голдуу 40 мянган дүрвэгчийг хүлээж авахаар ЕХ өнгөрсөн тавдугаар сард шийдсэн юм.

Унгарт очсон цагаачдийг нэмж авахыг Юнкер санал болгож байна.

Юнкерын хэлснээр, ЕХ-ны гишүүн улс бүр дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулан эдийн засгийн байдал болон хүн амын тооноосоо хамааран дүрвэгчдээс тодорхой хэмжээгээр заавал хүлээж авч, улсдаа тараан суурьшуулах хэрэгтэй.

Ирэх долоо хоногийн даваа гарагт ЕХ-ны гишүүн улсуудын дотоод хэргийн сайд нарын ээлжит бус уулзалтыг зохион байгуулан энэ асуудлыг хэлэлцэхийг тэрбээр мөн санал болгосон байна.

Дүрвэгчдийг заавал хүлээж авахыг шаардаж байгааг Зүүн Европын улсууд, тэдгээрийн дотор, Польш болон Чех эсэргүүцэж байгаа юм.

Учир нь дүрвэгчдийг хүлээж авснаар эдийн засагт ихээхэн хүндрэл учирна гэж тэдгээр улс үзэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд