Залуу малчид малжуулах төсөлд хамрагдах сонирхолтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 21:54:28

2015 онд 200 орчим залуу малчныг 800 гаруй сая төгрөгөөр малжуулж, 400 орчим ажлын байр үүсгээд байна. Малжуулах төсөлд 70-100 толгой малтай, цаашид мал маллах сонирхолтой залуу гэр бүлүүд хамрагддаг бөгөөд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 3,8-4,7 сая төгрөгийн үнэ бүхий малыг худалдан авч өгдөг.

Малжуулах төсөлд хамрагдсан малчид төлбөрийн 50 хувийг хоёр жилийн хугацаанд буцаан төлдөг аж. “Тиймээс залуу малчид малжуулах төсөлд хамрагдах сонирхол ихтэй болж байгаа. Өмнөх жилүүдэд 25-50 малчин энэ төсөлд хамрагддаг байсан бол энэ онд 350 иргэний хүсэлт ирснийг шаардагдах журмын дагуу шийдвэрлэж 193 малчныг төсөлд хамруулсан” гэж аймгийн хөдөлмөрийн хэлтсийн дарга П.Пунсалмаа хэллээ.

Сүүлийн гурван жилийн байдлаар Өвөрхангай аймгийн хэмжээнд 650 өрхийг Орон нутгийн хөгжлийн сангийн 943 сая төгрөгөөр, 126 өрхийг Сум хөгжүүлэх сангийн 227 сая төгрөгөөр, 275 өрхийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 1,375 сая төгрөгийн хөрөнгөөр, 289 өрхийг улсын төсвийн 432 сая төгрөгөөр тус тус малжуулаад байна. Нийт дүнгээр 1948 малчин өрхөд 3 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий мал худалдан авч өгчээ.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ