“Рио-2016” олимпийн наадамд оролцох тамирчдаа дэмжихийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЭМСЯ, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/, Монголын Паралимпийн хороо /МПХ/-ны хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү нар гарын үсэг зурлаа.
Энэ санамж бичигт Олон улсын олимпийн хорооны Харти, Олон улсын паралимпийн хорооны Харти ёсоор Үндэсний олимпийн хороо болон Үндэсний паралимпийн хороонд олгогдсон тусгай эрхийн хүрээнд “Рио-2016” Зуны олимп, паралимпийн наадамд Монгол Улсын түүх соёл, ёс заншил, уламжлал, хөгжил дэвшлийг илтгэн харуулсан нэгдсэн загварыг зохиохоор Монголын загвар зохиогчдын дунд сонгон шалгаруулалт зарлан, олон нийтийн саналыг үндэслэн сонгох, стандартад нийцсэн хувцас, хэрэглэлээр үндэсний шигшээ багийг хангах асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг оло асуудлыг тусгасан байна.
Мөн санамж бичгийн хүрээнд ОУОХ, ОУПХ-ны ивээл дор зохион байгуулж буй арга хэмжээнд нэгдсэн бодлогоор оролцох асуудлыг хамтран шийдвэрлэхээр харилцан тохиролцов. Энэ хүрээнд яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв, МҮОХ-ны хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ОУОХ-ны Эв санааны нэгдлийн сангаас Үндэсний шигшээ багийн тамирчдын олимпийн эрхийн тэмцээнд оролцоход замын зардалд 50.000 ам.долларын дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Энэ үеэр Ц.Оюунбаатар “Нэг сэтгэл-Нэг зорилго”-тойгоор Рио-ийн тэнгэрт Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулж олон олимпийн медалийг авчирна гэдэгт итгэл төгс байна. Шинэ оны босгон дээр ирэх онд болох олимпийн талаар ярилцаж, монголын баг тамирчид монгол дизайнерын бүтээсэн загвараар нэг хувцастай оролцох болно. Тиймээс баг тамирчдаа дэмжин ажиллахыг төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүдэд хандан уриаллаа.
Д.Өлзий