МУЗН-ийн статусыг хуульчлан тогтоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-07 13:38:11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж баталлаа. 

МУЗН нь 110 гаруй мянган гишүүд, малчдыг эгнээндээ нэгтгэсэн Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ юм. Тус нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аас 2000 онд баталсан ч нийгмийн хөгжилд нийцүүлэн хуулийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон юм. Нөгөө талаар олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар Хөдөлгөөний дүрэм, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Үндсэн хуульд нийцүүлэн Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн загвар хуулийг Олон улсын Улаан загалмайн Холбоо, Хорооны дүрмийн хамтарсан хорооноос боловсруулж, улс орнуудын Парламент, Засгийн газарт хандан санал болгосон.

Үүний дагуу Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн статусыг шинэчилж, төрдөө хүмүүнлэгийн салбарт нэмэлт хүч болж, туслах үүрэг хүлээж ажилладаг, үндэсний хэмжээний хүмүүнлэгийн байгууллага мөн болохыг хуульчлан, шинэчлэн баталгаажуулах шаардлагатай болж улмаар МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлсэн юм. 2015 оны төгсгөлд уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 83.7 хувийн саналаар эцэслэн баталлаа. 

Уг хуульд МУЗН-ийн статусыг “Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчим болон Женевийн конвенц, Нэмэлт протоколуудыг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, өөрөө удирдах ёсны зарчимд суурилж үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн,үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн”  гэж тодорхойлж тусгав.  
Мөн МУЗН-ийн хэрэгжүүлэх чиг үүргийг Женевийн конвенц, Нэмэлт протоколуудын үндсэн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хуульчлан тодорхойлсон зэрэг цаг үеийн шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ