Нийслэлд оногдох мандатын тоог 21 болгохыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-01-11 13:15:07

НИТХ-ын дарга Д.Баттулга 2016 оны УИХ-ын сонгуулийн тойргийн тоог тогтоохдоо тойргоос сонгогдох 48 мандатын 21-ийг нь нийслэлд хувиарлах талаар УИХ-ын дарга З.Энхболд, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарт хүсэлт хүргүүлэв.

Тэрбээр хүсэлтдээ, “Сонгуулийн тухай хуулийн 22.5 заалтад УИХ-ын сонгуулийн тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоог харгалзан тогтоохоор заасан. Мөн 11.1-д сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн, үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлахгүйгээр оролцох эрхтэй гэж, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа шударга ёсыг сахиж, тэгш эрхийг баримтлах үндсэн зарчим баримтална хэмээн хуульчилсан.

 Нийслэлийн статистикийн газрын 2014 оны тайланд туссан дүнгээр Улаанбаатар хотод 1.314.500 /нэг сая гурван зуун арван дөрвөн мянган/ хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байна. Гэтэл 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийслэлийн хүн амын тоог үл харгалзан, дүүргээр мандат хувиарлаж ирсэн.

Иймд 2016 оны УИХ-ын сонгуулийн тойрог  байгуулж  мандатын тоог тогтоохдоо  иргэн бүрийн сонгох эрх, эрх ашгаа төлөөлүүлэх бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч нийслэлд оногдох мандатын тоог 21 болгохыг нийслэлийн иргэдийн өмнөөс хүсч байна” гэжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ