Сумаа аймагтаа сурталчлах боломжийг нээн өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй томоохон ажлын нэг бол сумдын “Соёл, эдийн засгийн өдөр”-үүд арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байгаа явдал билээ. Өнгөрсөн жил 7 сумын “Соёл, эдийн засгийн өдөр”-ийг зохион байгуулсан бол энэ жил Алтанбулаг, Хүдэр, Сүхбаатар, Сайхан, Хушаат сумдын өдрүүдийг энэ сард багтаан хийхээр төлөвлөөд байна.
Энэ намрын онцлог нь цаг хугацааны хувьд боломж бага байгаа учраас урд нь сум бүр дангаараа нэг өдөр хийдэг байсныг болиод хоёр сум нийлээд нэг өдөр хийхээр зохион байгуулж байгаа гэнэ. Тус арга хэмжээ нь сумдын хувьд юу хийж чаддагаа, ямар боломж бий эсэхээ, сумын бахархал болсон авьяастан, алдартнуудаа аймагтаа сурталчлан, таниулах, баялаг бүтээгчдээ алдаршуулах, тэдний бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах өргөн боломж олддогоороо өндөр ач холбогдолтой арга хэмжээ болдог юм.
Мөн тус арга хэмжээнд оролцож буй сумдын унааны зардлыг аймгийн ЗДТГ-аас 100 хувь даадгаараа давуу талтай. Аймгийн Засаг даргын зүгээс хэвлэлийнхнээрээ дамжуулаад Сүхбаатарчууддаа хандан нэгэн зүйлийг чухалчлан хэллээ. Тэрээр “сумын болоод эдийн засгийн ийм томоохон арга хэмжээг манай Сүхбаатарчууд дэмжээрэй. Та нар минь аймагтаа үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр авах, бараа бүтээгдэхүүнээ солилцох, бусад сумддаа юу үйлдвэрлэж байгааг харах, өөрсдийнхөө үйлвэрлэлийн орчинг бусадтай харьцуулах гээд олон боломжийг үзэж сонирхоорой” хэмээлээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Сэтгэгдлүүд