Эмэгтэй боксчид Улсын аваргын төлөө хүч үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-17 19:47:04

Боксын насанд хүрэгчдийн 2016 оны эмэгтэйчүүдийн УАШТ-д гадаадын /Буриад, Өвөрмонгол/ тамирчид ирж тоглосноороо тэмцээнийг илүү хурц өрсөлдөөнтэй болголоо.

Өчигдөр болсон эмэгтэй боксчдын шигшээ тулааны 48 кг-д Дорнод аймгийн боксчин Л.Алтанцэцэг түрүүллээ. Шигшээд БГД-ийн Д.Дэлгэрмөрөнтэй тоглож гурван үеийн турш илүүрхэж 3:0-ээр хожлоо. Л.Алтанцэцэг 2015 онд мөнгөн медаль хүртсэн бол энэ жил амжилтаа ахиулж улсын аварга боллоо. Хүрэл медалийг Сэлэнгэ аймгийн Д.Мичидмаа, БЗД О.Жаргалан нар хүртэв.

Харин 54 кг-д М.Гүндэгмаа аварга цолоо алдаж "Алдар" спорт хорооны Т.Болортуул түрүүллээ.Т.Болортуулын хувьд өнгөрсөн жил 48 кг-д түрүүлсэн. Харин энэ жил жин өгссөн ч аварга цол хүртэв. Хүрэл медалийг Өвөрмонголын боксчин Мөчир, Алдар спорт хорооны тамирчин Д.Нандинсувд нар хүртлээ.

УАШТ-ий 57 кг-д өсвөрийн ДАШТ-ий анхны медальтнууд болох Дорнод аймгийн боксчин Л.Ангараг /15 настай/, М. Намуун /16 настай/ нар өрсөлдөж Эрдэнэт бокс клубын тамирчин М.Намуун 3:0-ээр ялж насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медальтан болов. Хүрэл медалийн эздээр Сүхбаатар аймгийн боксчин М.Мядагмаа, Өвөрмонголын боксчин Жао Ли Ме нар тодорлоо.

Харин 60 кг-д есөн удаагийн улсын аварга О.Сувд-Эрдэнэ Буриадын Наталъя Шадринатай тоглосон бөгөөд гуравдугаар үед эмч шүүгчийн татгалзснаар О.Сувд-Эрдэнэ 10 дахь түрүүгээ хүртэх боломжоо алдлаа. Ийнхүү анх удаа УАШТ-ий эмэгтэйчүүдийн жинд гадаадын тамирчин түрүүллээ. Хүрэл медалийг “Ширэн бээлий” клубын П.Даваа, “Улаан арслан” клубын З.Уянга нар хүртлээ.

УАШТ-ий 64 кг-д шинэ аварга төрж “Улаан арслан” клубын Н.Баянцэцэг анх удаа алтан медаль хүртлээ. Өнгөрсөн жилийн аварга Э.Уянга энэ жил оролцоогүй юм. Хүрэл медалийн эздээр Өвөрмонголын боксчин Удвал, Алтантуяа нар шалгарлаа. 

Харин 69 кг-д “Ширэн бээлий” клубын боксчин М.Мягмаржаргал 2015 оны улсын аварга О.Гэрэлгуаг 3:0-ээр ялж түрүүллээ. Хүрэл медалийн эздээр Сүхбаатар аймгийн Д.Ганболор, Дорнод аймгийн Э.Болортуяа нар тодорлоо.

75 кг-д Дорнод аймаг “Талын бүргэд” клубын тамирчин Э.Эрдэнэтуяа улсын хошой аварга болов. Түүний хувьд өсвөрийн улсын аваргын 4, залуучуудын 3 удаагийн аварга юм. Өвөрмонголын боксчин Ариунаа мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийн эздээр “Ширэн бээлий” клубын У.Бат-Өлзий, Б.Оргил нар шалгарлаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ