Хүүхэд харах эрх бүхий сертификатаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:39:16

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсаны дагуу хүүхэд харахаар бүртгүүлсэн иргэдээ бэлтгэж дууслаа. Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Боловсрол төв, Эрүүл мэндийн газруудаас 5 хоногийн турш тэднийг хүүхэд харах асрах, хооллох, хамгаалах зэрэг анхан шатны мэдлэгтэй болгож, 18-65 насны  68 хүнд  хүүхэд харах эрх бүхий сертификат гардуулж өглөө.

Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Хүүхдийн элч Д.Батсайхан, Засаг даргын орлогч дарга Д.Чимгээ, ХЗХэлтсийн дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн П.Хишигдаваа, ХГБХХэлтсийн дарга Д.Оюунбилэг, сургагч багш нар оролцлоо. Уг арга хэмжээний үеэр ИТХ-ын дарга бөгөөд Хүүхдийн илч Д.Батсайхан тус сургалтанд оролцсон хүүхэд харагч нарт хандаж хүүхдийн хүмүүжлийг суурь болгож,  “Шинэ Булган” - ы иргэнийг бий болгох үйлсэд та бүхний  хувь нэмэр их учир хүүхэд болгоныг хамруулж хичээж ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.   Энэхүү сертификат  нь 1 жилийн хүчинтэй юм байна. Мөн тэдэнд хүүхэд харах үйлчилгээний хууль, стандарт, журам, хүүхэд хамгааллын бодлого, гэрээний загвар зэрэг баримт бичгүүдийг эмхтгэн гарын авлага болгон өгөхийн зэрэгцээ хүүхдийн оролцоо хөгжих боломж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоцгооё гэсэн  бичвэр бүхий 2016 оны хуанли, хичээлийн сэдэв бүрээр хэрэглэгдэх бичиг баримтуудыг ажлын хэрэгцээнд бэлтгэн өглөө.

Хуульд заасны дагуу хүүхэд харагч нарыг гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотлох  цагдаагийн газрын тодорхойлолт, сэтгэцийн болон халдварт өвчингүй гэсэн эрүүл мэндийн тодорхойлолт зэргийг нэгдсэн журмаар олгох, үзлэгт хамруулах  ажлыг зохион байгууллаа. Орон нутагт хуваарилах хүүхдийн тоо төсөвтэй уялдуулан хүүхэд харагч нар үйлчилгээ эрхлэх байраа стандарт, журмын дагуу бэлтгэж дүгнэлт гаргуулах, зөвшөөрөл авах, харах хүүхдээ судлах зэрэг ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхээр боллоо.

П.Батням

 

Холбоотой мэдээ