Дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-27 09:37:30

Дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулж, бага ангийн сурагчдын нэгэн адил 2 дугаар сарын 15-нд хичээлийг нь эхлүүлэхээр боллоо.

Дунд ангийн сурагчдын хичээл хоёрдугаар сарын нэгэнд эхлэхээр байсан бөгөөд аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсэг хөдөөд ажиллах үеэр малчдын санал болгосон асуудлын нэг нь сурагчдын амралт хэт тохиромжгүй төлөвлөгдсөнийг хэлсэн байна. Тодруулбал, хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд долоо хоногийн дараа сар шинийн баяр болох тул эргээд авах болно. Цас зудтай, машин мотоцикль явахад хүндрэлтэй ийм үед цөөн хэд хоногийн хичээлийг хойшлуулж, нэг мөр сар шинийн дараа хичээл эхлүүлэх зохицуулалт хийж өгөхийг олон малчин хүсчээ.

Энэ дагуу дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах шийдвэрийг БСШУ-ны яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр ийнхүү гаргаж, аймгийн Засаг даргын албан тоотоор сумдад хүргүүлсэн байна.

Ахлах ангийн сурагчдын хувьд өнгөрөгч даваа гарагаас хичээл нь эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл хичээллээд баярын үеэр амарч, мөн 2 дугаар сарын 15-наас үргэлжлүүлэн хичээллэх ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ