Сирийн энхийн хэлэлцээ хойшилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-29 09:06:38

ЖЕНЕВ. /NHK/. Саудын Арабын дэмжлэгтэй Сирийн сөрөг хүчний эвсэл шаардлага тавьсантай холбоотойгоор НҮБ-ын санаачилсан Сирийн энхийн хэлэлцээ хойшлогдож болзошгүй байна.

Энхийн хэлэлцээг баасан гараг буюу өнөөдөр Женев хотод эхлүүлэхээр НҮБ төлөвлөжээ. Уг бага хуралд Сирийн Засгийн газрын болон сөрөг хүчний төлөөлөгчид оролцох юм.

Сөрөг хүчний төлөөлөгчдийг сонгох ажиллагааг ОХУ болон Саудын Араб тэргүүлэн ажилласан байна. Сирийн сөрөг хүчин нь Засгийн газрын хүчин болон “Лалын улс” бүлэглэлтэй тэмцдэг бөгөөд зэвсэгт 100 гаруй бүлэглэл, бүс нутгийн холбоотнуудаас бүрддэг ажээ.  

ОХУ-ын дэмжлэгтэй голдуу иргэний эвслийн төлөөлөгчид Швейцарьт аль хэдийн ирж, Сирийн Засгийн газрын хүчинтэй хэлэлцээ хийхэд бэлтгэж байна. Гэвч Саудын Арабын дэмжлэгтэй сөрөг хүчний бүлэглэлүүд тус улсын нийслэл Рияд хотод хэлэлцээ хийсээр байна.

Байлдааны ажиллагааг түр хугацаагаар зогсоож, сөрөг хүчний хяналтад байгаа газар нутагт авсан Засгийн газрын хоригийг цуцалбал Саудын Арабын дэмжлэгтэй сөрөг хүчний эвсэл энхийн хэлэлцээнд оролцоно гэж тус хүчний хэлэлцээ хийгч, Лалын армийн ахмад гишүүн мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ